ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАХ БОЛОН ЗАР СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭГЧ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН САН ХОЛБОГДОНО

Газрын биржийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдаа, хяналтын тогтолцоог хангуулах үүрэг бүхий Газрын биржийн Удирдах зөвлөлийн хурлыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хурлын танхимд боллоо.
Газрын биржийн Удирдах зөвлөл Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, Монголын Нотариатчдын танхим, “Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын төлөөллөөс бүрдсэн нийт 13 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төвлөрсөн мэдээллээр төр, олон нийтийг хангах талаар хэлэлцэж цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын болон зар сурталчилгаа түгээгч байгууллагын мэдээллийн санг Газрын биржийн цахим системтэй холбох ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэн, хуулийн этгээд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэх мөн гар утасны аппликейшныг ашиглан, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтад оролцож хэвшсэн бөгөөд газартай холбоотой цогц мэдээллийг авч газарт хөрөнгө оруулалт хийж байна.