“ГАЗРЫН ЭРХ ЗҮЙД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дараах сэдвүүдээр холбогдох байгууллагуудын төлөөлөл болон судлаачид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүнд:
✅ Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ
✅ Хөдөө аж ахуйн газрын эрх зүйд өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал
✅ Газрын хуулийг шинэчлэхэд анхаарах асуудал
✅ Газрын эрхтэй холбоотой хувийн эрх зүйн тулгамдсан асуудал
✅ Тусгай хамгаалалтын газар, тусгай хэрэгцээний газрын эрх зүйн зохицуулалт
✅ Газрын маргааныг захиргааны шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал
✅ Зөрчлийн хууль дахь газрын эрх зүйн харилцаа
✅ БНСУ-ын газар болон үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн тогтолцоо – БНСУ, Монгол Улсын газар, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн тогтолцооны харьцуулсан судалгаа ба Монгол Улсын эрх зүйн тогтолцооны асуудлууд болон тэдгээрийн шийдвэрлэх арга зам зэрэг сэдвүүд байлаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод зэрэг 30 гаруй байгууллагын 90 гаруй төлөөлөл, цахимаар хөдөө орон нутгаас 500 гаруй нийтдээ 600 орчим хүн оролцлоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарласан бөгөөд энэхүү нэрэмжит жилийн хүрээнд Газрын харилцаатай холбоотой үйлчилгээг төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүйг баримтлан, хурдан шуурхай, чанартай үзүүлэх, мөн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох, хуулийн хэрэгжилтийг бүх шатанд анхаарч ажиллах зорилгоор Төрийн албаны зөвлөлтэй хамтран Иргэдээ сонсоё аянг орон даяар эхлүүлээд байна.