ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр даргалж, ажлын хэсэгт зарим салбарын дэд сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон цахимаар 6 аймгийн Засаг дарга нар оролцов.

Хуралдаанд газрын харилцааны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж буй Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай, Хаягжуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүллээ.

Дээрх хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэх ажлууд өмнө нь хэд хэдэн удаа хийгдэж байсан тул зарчмын асуудлуудыг тусган шинэчилснээр энэ удаагийн Улсын Их Хурлын намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.



Хуралдааны төгсгөлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраас Ажлын хэсгийн гишүүдэд хандан газрын харилцааны хуулийн давхардал, хийдлийг арилгах, газрын эрхийн зохицуулалтыг Иргэний хуулийн суурь зарчимд нийцүүлэх, газар, үл хөдлөх хөрөнгийн салшгүй байх зарчмыг хэрэгжүүлэх, мөн Олон өмчлөгчтэй үл хөдлөх хөрөнгө /орон сууц/-ийн доорх болон орчны газрыг тухайн хөрөнгийн өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр эзэмшүүлэх, тусгай хамгаалалттай газрын газар ашиглалт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, бэлчээр, тариалангийн газрын харилцааны асуудлыг харилцан уялдаа холбоотой шийдвэрлэх, зохион байгуулах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хүнд сурталгүй байх зарчмыг баримтлан хуулийн төслүүдийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж ажиллахыг чиглэл болголоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү