ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ОРОЛЦУУЛСАН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжүүлж, үр дүнгээ газрын мониторингд тулгуурлан хэмжих шаардлагатай байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, НҮБ-ын биологийн олон янз байдлын конвенц, НҮБ-ын Ган хуурайшилт, цөлжилттэй тэмцэх конвенцуудаас гаргасан зөвлөмжид зөвлөсөн байдаг.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтэс, Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Нийслэлийн ГЗБА болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн ГХБХБГ-ын суурь судалгаа, газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сумын газрын даамлууд зэрэг 42 албан хаагчдыг оролцуулсан газрын удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газар ашиглалтын зохистой менежментийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, чадавхжуулах сургалтыг Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.
Мөн Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газрын зөвлөх Н.Батсайхан, мэргэжилтэн Э.Анхбаяр нар хээрийн бүсийн экосистем ба үлийн цагаан оготно, биологийн олон янз байдал ба экосистемийн өгөөж, тусгай хамгаалалттай газар нутаг ба тулгарч буй сорилт, асуудлыг шийдвэрлэх боломжит арга замууд болон экологийн бүс нутгийн үнэлгээний судалгааны үр дүн, Монгол улсын экологийн чухал ач холбогдолтой газрууд, газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалахын ач холбогдол сэдвүүдийн хүрээнд оролцогчдод сургалт, мэдээллийг хүргэсэн.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү