ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ТҮҮХЭН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2020 оны 09 сарын 09-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газрын харилцааны салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлах түүхэн Үзэсгэлэнгийн нээлт Засгийн газрын 12-р байрны нэг давхарт амжилттай зохион байгуулагдлаа.
Манай газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбар 90-ээд жилийн тэртээгээс үйл ажиллагаагаа эхэлж байсан баялаг түүхтэй салбар билээ.
Салбарын үйл ажиллагааны хөгжлийн түүхийг өгүүлэх баримтууд манай байгууллагад хадгалагдаж байна. Эдгээр баримтуудыг олны хүртээл болгох салбарын талаар олон нийтэд таниулан сурталчлах, салбарын албан хаагчид, оюутан сурагчдад танилцуулах зорилгоор эдгээр баримтуудад тулгуурласан үзэсгэлэн байгууллаа.
Энэ онд Геодези, зураг зүйн салбарын 90 жил, геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ойг тэмдэглэж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт ашиглаж байсан геодезийн хэмжилтийн, газрын зургийн зуралтын багаж хэрэгсэл, одоо ашиглаж буй багаж хэрэгсэл, геодезийн сүлжээ, улсын хил шалгалт, Улсын нийт нутаг дэвсгэрийн зурагжуулалт, суурин газрын зураглалын чиглэлээр хийсэн ажил, салбарт мөрдөж байсан, мөрдөж буй норм дүрэм, сурах бичиг, ном, гадаад улсад үйлдвэрлэгдсэн марк, дурсгалын зүйл зэргийг салбарын албан хаагчдаас болон архивын баримтуудаас үзэсгэлэнд байршууллаа.
Геодези, зураг зүйн салбарын ахмад зүтгэлтэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Газрын салбарын ахмад ажилтан, гавъяат эдийн засагч Даржаагийн Жамц нарын нэрэмжит буланг байгуулж хийсэн ажил, хөдөлмөр гавъяаг нь залуу үедээ таниулан сурталчилж байна.
Мөн Монгол Улсын гавъяат барилгачин Д.Оюунчимэг болон ахмад ажилтан Д.Дамдинсүрэн, Б.Дэмбэрэл, Ч.Цэрэнбат, Ж.Даваабаатар, Т.Мөнхбат, Б.Энхмаа нарын хувийн цуглуулгийн дээжийг дэлгэн үзүүлж байна.
1961-1990 онд Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран судалсан хөрс, ургамлын судалгааны зургийг 2013-2015 онд тоон мэдээллийн санд хөрвүүлж улсын хэмжээний мэдээллийн сан байгуулсан бөгөөд энэхүү үзэсгэлэнд тэр үед ажиллаж байсан ахмадууд, хөрс судлаач, Улсын газар зохион байгуулалтын хайгуул-зураг төслийн институтын мэргэжилтнүүдийн ашиглаж байсан материалуудыг дэлгэн үзүүллээ.
Мөн газрын төлөв байдал, чанарын мониорингийн суурин болон хээрийн судалгаанд ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмж, аргачилсан заавар зэрэг нийт 60 гаруй үзүүлэнг та бүхэнд хүргэж байна.
1959 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд газар зохион байгуулалт, төлөвлөлтийн ажил нь хэрхэн хөгжиж ирсэн түүхэн өөрчлөлтийн явцыг харуулахыг зорьсон.
Үүнд: Зөвлөлт, Монголын мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн атар газар сонгон илрүүлж, аж ахуйн хоорондын болон дотоодын газар зохион байгуулалтын материалууд, сангийн аж ахуйнуудад хийсэн ТЭЗҮ, Газрын нөөцийг ашиглах үнэлгээ, схем, аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг тогтоосон баримт материалууд, тухайн үеийн фото зураг гэх мэт олон ховор хуучны материалуудаас гадна 2000 оноос хойш гүйцэтгэсэн Улс, аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд боловсруулсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зураг төслийн материалууд байна.
Газрын кадастрын чиглэлээр БНМАУ-ын ХААЯ, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Статистикийн төв газраас 1974 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталсан “Газрын нэгдсэн баланс”, 1974 онд БНМАУ-ын Хөдөө, аж ахуйн яамнаас 1974 онд баталсан “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ээс эхлэн он оны газрын нэгдмэл сангийн тайлан баланс болон үе үеийн дарга нарын баталж байсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний загвар, нэгж талбарын хувийн хэргийн хавтас, Газрын кадастрын дэс дараалсан үйл ажиллагаатай холбоотой иргэд, хуулийн этгээдийг мэдээллээр хангах зорилго бүхий үзмэрүүдийг дэлгэн харууллаа.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, ахмадуудаа баярлалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү