ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хурал, Хангайн бүс, Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хурал, орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтууд, иргэд олон нийтээс гарсан саналууд болон орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.
Тус хуулийн төсөлд санал авахаар 21 аймгийн ГХБХБГ, Нийслэл, дүүргийн ГЗБА-ны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, газрын даамлууд, нийт 100 гаруй төлөөлөл оролцсон цахим хэлэлцүүлэг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дараах асуудлуудыг зохицуулна. Үүнд:

Улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар ашиглалтын дэглэм горим бүхий хамгаалалтын бүс, зурвас газартай уялдуулан ерөнхий байдлаар Засгийн газраас нэг удаа тогтоодог байх, үүнд нийцүүлэн газар олголтыг нийслэл, орон нутаг бие даан шийдвэрлэх;

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлж, ашиглуулдаг байх;

Газрын байршил, зориулалт өөрчлөх харилцааг зөвхөн нийслэлд зөвшөөрдөг бус орон нутагт адил тэгш үйлчлэх;

Гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан, гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд эрэмбэ дараалал харгалзахгүй шийдэх;

Гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийг шилжүүлэх, хугацаа сунгахад тулгардаг газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа шаардахгүй болгох, шат дамжлагыг арилгах;

Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү