ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭНЭЭР ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН 30 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНТОЙ НИЙЦЭЖ ХЭРЭГЖИНЭ

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол улсын засгийн газарт өргөн барих гэж байгаатай холбогдуулан, БХБЯ болон ГЗБГЗЗГ-ын удирдлагууд Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөлийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд Засгийн газарт өргөн барих, геодези, зураг зүйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр явуулах асуудлыг шинээр батлагдах гэж буй “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн төсөлд тусгах, мөн “Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг уялдуулах зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Геодези зураг зүйн тухай хуулиар Монгол улсын тусгаарт тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахаас гадна бүх салбарын хөгжлийн төлөвлөлтийн суурь мэдээллийн эх сурвалж болох газрын зураг, геодезийн хэмжил, орон зайн мэдээллийн бүхий л харилцааг зохицуулж байна.
Геодези зураг зүйн тухай хуулийг 1997 онд анх баталсан бөгөөд улсын хэмжээнд геодези зураг зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй 10 гаруй үндсэн үйл ажиллагааг зохицуулж байсан бол шинэчилсэн найруулгаар 30 гаруй үйл ажиллагааны зохицуулалт тодорхой болох юм.
Мөн 2017 оноос хойш ТЭЗҮ нь батлагдсан геодези, зураг зүйн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Монгол улсын нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000 маштабтай байр зүйн зургаар зурагжуулах, геодезийн сүлжээг шинэчлэх, газар зүйн нэрийг тодруулах, улсын хилийг шалгах, зурагжуулах зэрэг ажлыг улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах талаар ярилцлаа.
Улсын хэмжээнд хийгдэж буй геодези, зураг зүйн ажлыг БХБЯ-нд төвлөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, мэргэшсэн, зөвлөх инженерүүдэд зориулсан сургалтыг Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоонд шилжүүлэх нь хууль эрх зүйн хүрээнд хэрэгжих боломжтой эсэхийг судлахыг яамны удирдлага, Газар зохион байгуулалт, зураг, зүйн газарт үүрэг болголоо.
Өнөөдрийн уулзалтанд Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны тэргүүн О.Хосбаяр, гүйцэтгэх захирал А.Долгорсүрэн нар оролцлоо.