ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” , 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор “Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” , 2017 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн 347 дугаар тогтоолоор “Ховд, Чойбалсан хот болон Багануурыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” зэрэг бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тус тус батлагдсан.

   Эдгээр бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

     Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Ховд, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, хотын ерөнхий архитекторууд, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн төлөөллүүд  зэрэг нийт 22 албан тушаалтнууд оролцсон болно.

   Энэхүү хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат,  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Одбаатар  нар оролцож батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах асуудлаар  мэдээлэл хийснээс гадна, холбогдох аймгийн ерөнхий архитекторууд Баруун бүсийн тулгуур төв Ховд Улиастай, Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан, Чойбалсан, Төвийн бүсийн тулгуур төв Дархан, Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийж, санал солилцлоо.

  Хэлэлцүүлгээс  Баруун бүсийн тулгуур төв Ховд Улиастай, Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан, Чойбалсан, Төвийн бүсийн тулгуур төв Дархан, Зуунмод хотын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ирүүлэх үүрэг даалгаврыг холбогдох аймгийн ерөнхий архитекторуудад өглөө.