ИСЛАНД УЛСЫН “ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ОРЛОГЧ ДАРГА ГУДРУН ГУДИОНСДОТЕРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА



НҮБ-ын ЮНЕСКО-гийн ивээл дор Исланд Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэргэд хэрэгждэг “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр” (GRÓ LRT-Land restoration training programme)-ийн орлогч дарга Гудрун Гудионсдоттир (Guðrún Guðjónsdóttir)-тай 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийлээ.
Энэ хөтөлбөр нь газар нутаг, экосистемийн менежмент, нөхөн сэргээлттэй холбоотой дэлхийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор бага, дунд орлоготой улс орнуудад мэдлэгийг бий болгож, хуваалцаж, чадавхыг бэхжүүлдэг. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) болон Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD) зэрэг конвенцуудын хүрээнд ажилладаг.Тус сургалтад Монгол Улсаас 2007 оноос хойш нийт 50 орчим албан хаагч хамрагдсан нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн олон хүн хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар ГЗБГЗЗЕГ-аас 5 албан хаагч хамрагдаад байна. Хөтөлбөрийн орлогч дарга Гудрун Гудионсдоттир тус хөтөлбөрийн үр өгөөж, нөлөөлөл эерэг, үр дүнтэй байгааг, тус хөтөлбөрийн төгсөгчид нь улс орныхоо төлөө үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж байгааг онцлон дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд ГЗБГЗЗЕГ болон орон нутгийн харьяа байгууллагуудаас жил бүр албан хаагчдыг тус сургалтад хамруулах, Монгол Улсад зориулсан богино хугацааны онол, практикийг хослуулсан сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тогтлоо.
Мөн ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай уулзалтын үеэр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-аар тус Конвенцын даргалагчаар Монгол улс ирэх 2 жилд ажиллах хугацаанд бид бүхэн газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийллээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү