K-GEO FESTA 2024 АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ХАЯГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

🇲🇳🇰🇷 БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам, Газар, Геоматик /LX/-ийн Корпорац болон Монгол улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Хаягийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан билээ.
Тэгвэл энэ удаа санамж бичгийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улс болон Монгол улсын хаягийн нэгдсэн системийн талаар 2 улсын холбогдох мэргэжилтнүүд харилцан мэдээлэл хийж, туршлага солилцох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг гаргах, хамтран ажиллах, боловсон хүчнийг бэлтгэх талаар салбар хуралдаан болж байна.
Тус салбар хуралдаанд Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын дарга Ж.Гал "Монгол улсын хаягийн нэгдсэн системийн өнөөгийн байдал цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Монгол улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийн эхний хувилбарыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон бөгөөд хаягийн нэгдсэн системээс олгосон хаягийг тэмдэгжүүлэх ажлын эхлэл Улаанбаатар хотын сөүлийн гудамжинд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан юм.
Иймээс Монгол улс болон Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд хаягийн нэгдсэн системийг дэлхийн жишигт нийцүүлэн дэвшилтэд технологид шилжүүлэх, замчлах системийг хэрэглээнд нэвтрүүлэх, гудамж, зам талбай болон газар, үл хөдлөх эд хөрөнгөд хаяг олгож, тэмдэгжүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэхээр боллоо.