МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКС (LANDex)-ИЙН ТЕХНИКИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Олон улсын газрын эвсэл (ILC) болон үндэсний Газрын эвслийн гишүүн байгууллагуудтай хамтран Монгол Улсад Газрын засаглалын индекс (LANDex)-ийн мэдээллийн иж бүрэн багцыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны техникийн уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Олон улсын газрын эвсэл, Үндэсний газрын эвсэл, Монголын газар зохион байгуулалтын холбоо, Газрын менежментийн нэгдсэн эвсэл, Монголын кадастрын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Мөн  Олон улсын газрын эвслийн азийн бүсийн зохицуулагч Dharm Josh, Олон улсын газрын эвслийн мэдээлэл хариуцсан ахлах зохицуулагч Eva Hershew нар оролцож, “Ил тод, хариуцлагатай газрын засаглал болон уугуул, орон нутгийн иргэдийн газрын эрхийг хамгаалах сэдвээр илтгэл тавив.

Цаашид уг мэдээллийн иж бүрэн багцыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нарийвчилсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд өнөөдрийн хуралд оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд хийж, Монгол Улсын газрын засаглалын индексийг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлэх, тогтоох ажлууд хийгдэх юм.

🌿 Газрын засаглалын индекс (LANDex) газрын харилцааны мэдээллийг ардчилсан, нээлттэй хэлбэрээр олон нийтийн байр суурийг бодитоор тусган гаргах, хүн төвтэй газрын засаглалын мониторингийн механизм юм. Энэхүү систем нь улс орнуудад газрын засаглалаа олон улсын стандарттай уялдуулан үнэлэх боломж олгодог бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд, уугуул нутгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдын оролцоог тусгаж харуулдгаараа онцлог.

🌿 Монгол Улсад газрын засаглалын индексийг хэрэгжүүлэхийн үндсэн зорилго нь газрын эрхийн бүх хэлбэрээр иргэдийн оролцоог дэмжих, эрхийг хамгаалахад чиглэхээс гадна улсын хэмжээнд газрын бодлого боловсруулах, үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцыг нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах юм. Мөн олон нийтэд нээлттэй эх үүсвэрийг хөгжүүлснээр дээрх үйл явцыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.