МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар болон бусад албаны хүмүүсийн хамт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон удирдлагуудтай оролцов.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ”, мэдээллийн сан, Төрийн салбар архивын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан “Газрын асуудал бол хамгийн чухал асуудал, улс орны оршин тогтнох үндэс бол газар юм. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд газрын харилцааны бодлого хамгийн чухал асуудал.
1954 онд анх энэ байгууллагын үндэс анх тавигдаж, тухайн үед Сайд нарын зөвлөлийн мэдэлд тусгай байгууллага болоод онцгой анхаарч байсан юм. Зах зээлд орсны дараа 1990 оноос хойш энэ байгууллага янз бүрийн байгууллагын хавсарга болж, ер нь манай улсын газар зохион байгуулалтын ажил бүхэлдээ алдагдсан байна. Газар үнэгүй болж, газрын татвар, төлбөрөө төлдөггүй, зарим овсгоотой иргэд газар аваад завшсан зэрэг дутагдал олон байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ гарсан бүх дутагдлыг арилгах чиглэлээр ГЗБГЗЗГ-аас олон ажил хийж гүйцэтгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Тусгай хамгаалалттай газрууд хамаардаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ашигт малтмалын газрууд хамаарагддаг, ингээд эрх мэдлүүд салсан байдаг. Тийм учраас энэ байгууллагыг цаашдаа онцгой анхаараад Монгол Улсын доторх бүх газрыг энэ байгууллагын мэдэлд аваад, Засгийн газрын мэдэлд тусдаа бие даасан байгууллага болоод ажиллах хэрэгтэй. Энэ байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай, бэхжүүлэх цаг үе нь болсон.
Тиймээс Газрын багц 7 хуулийн төслийг батлуулах тал дээр онцгой анхаарч газрын шинэтгэл хийх бодит дэмжлэгийг үзүүлэх, шинээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж энэ байгууллагыг онцгой анхаарч газрын бодлогыг төлөвлөлт, бүртгэл, мэдээллийг нэг болгож, нэг цахим системд оруулахгүй бол цаашдаа манай Монгол Улс хөгжихгүй.
Цаашдаа орон зайд суурилсан мэдээллийн системтэй болно. Энэ ажлыг дэлхийн НҮБ-ын байгууллага, олон улсын байгууллага дэмжихээ илэрхийлсэн, тиймээс энэ чиглэлд Засгийн газар мөн дэмжвэл бид бүхэн маш их ажлыг хийх боломж байна.
Эдгээр танилцуулгын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газар”-ын асуудал гэдэг бол ард түмний ажил амьдрал, эдийн засаг, нийгмийн асуудал бөгөөд улс орны хөгжлийн үндэс суурь нь болдог юм. Энэ чиглэлд төр засаг анхаарал хандуулж ирсэн боловч зарим зүйлийг орхигдуулж ирсэн, алдааг засаж залруулах зүйл их байгаа.
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу салбарынхаа хэмжээнд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг, газрын харилцааны жил” болгон зарлаж, энэ хүрээнд Вебэд суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг хөгжүүлж, тэдгээрийг “ХУР” болон “ДАН” системд холбон хэрэглээнд нэвтрүүлсэн нь “Газрын шинэтгэл хийх суурь нөхцлийг хангасан явдал болжээ” гэж дүгнэсний зэрэгцээ Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан, газрын харилцааны салбарын нийт хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, “Энэ бол та бүхний ажлын амжилт”-аа гэдгийг зориуд цохон тэмдэглэж хэлэв. Ажлын танилцуулгыг үзэх бол энд дарна уу.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү