МОНГОЛ УЛСЫН ГРАВИМЕТРИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭХЛЭЛ ЦЭГ ДЭЭР АБСОЛЮТ ГРАВИМЕТРИЙН ХЭМЖИЛТ ЭХЭЛЛЭЭ

🇲🇳🇯🇵 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Абсолют гравиметрийн Монгол-Японы хамтарсан судалгааны хэмжилтийг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөгчид оролцлоо.
Монгол-Японы хамтарсан судалгааны хэмжилтийг эхлүүлэх арга хэмжээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ “Өнөөдөр геодези, зураг зүйн салбарын хувьд түүхэн үйл явдал тохиолдож байна. 40 жилийн хугацаанд Монгол Улсын гравиметрийн сүлжээг давтан хэмжих ажил хийгдээгүй. Энэхүү хэмжилтэд олон улсын стандартад нийцсэн дэлхийд цөөхөн ашиглагдаж буй орчин үеийн өндөр технологийн багажийг авч ирж, мэргэжлийн хүмүүсээр хэмжүүлж, манай мэргэжилтнүүдийг сургаж буй Япон улсын засгийн газар, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Гадаад харилцааны газрын захирал Юдай Сато хэлсэн үгэндээ “2018 оноос хамтарсан судалгааны хэмжилт хийхээр ярилцаж эхэлсэн ч Ковид-19 нөхцөл байдлаас болж хойшилсоор өнөөдөр бодит байдал биеллээ олж хэмжилтийг эхлүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн хэдийгээр 2 албан хаагч энд хэмжилт хийж байгаа ч Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн 650 гаруй албан хаагч биднийг олон талаар дэмжиж ажиллаж байгааг тэмдэглэлээ”.
Хамтарсан хэмжилтээр 1982-1989 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучин нэрээр) тусламжтай байгуулсан Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэг (Улаанбаатар 0001 цэг) болон гравиметрийн 1-р ангийн тулгуур сүлжээний 2 цэгийн (Дорнод, Өмнөговь аймаг байрлах 0033, 0017 цэг) хүндийн хүчний хурдатгалын утгыг абсолют гравиметрийн багажаар хэмжин, тодорхойлж 40 гаруй жилийн дараах урт хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан судлах юм.
Хүндийн хүчний хурдатгалын утгыг геодезийн өндрийн хэмжилтийн нормаль заслага хийх, газар хөдлөлийн аюулын үнэлгээний судалгаа, газар хөдлөлийн хагарлын судалгаа, газар хөдлөлийн мониторингийн судалгаа, ашигт малтмалын орд газрыг илрүүлэх зэрэг судалгаанд ашигладаг болно.