МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам болон Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.05.24/ тус улсын СӨҮЛ хотод зохион байгуулагдлаа.
Тус байгууллагуудын төлөөлөл Монгол Улсад 2024 оны 03 дугаар сард ГЗБГЗЗЕГ-т хаягийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж ажилласан бөгөөд 2024 оны 04 дүгээр сард тус ГЗБГЗЗЕГ-ын удирдлагаас БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам болон Газар, Геоматик /LX/-ийн Корпорацийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцож, тохиролцоонд хүрсэн билээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ болон ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нар Монгол улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж, хөгжүүлэхэд хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санамж бичиг үзэглэлээ. https://v.daum.net/v/20240524124544476
Дээрх арга хэмжээнд БНСУ-ын талаас тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Хаяг, орон зайн хэлтсийн дарга Пак Кван Соп, холбогдох албаныхан мөн Газар, Геоматик /LX/-ийн корпорацийн Хаягийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Ким Ми Жон болон бусад төлөөлөгчдийн хамт Монгол улсын талаас ГЗБГЗЗЕГ-ын Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын дарга Ж.Гал нар оролцов.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын Хаягийн мэдээллийн системийг олон улсын стандартын дагуу цогц байдлаар шинэ техник, технологид суурилан хөгжүүлж, гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгч төрийн болон оролцогч бусад байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх болно.
Мөн үнэн бодит хаягжилтын мэдээлэлд суурилан төр, хувийн хэвшлийн төрөл бүрийн үйлчилгээ болох түргэн тусламж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, ачаа тээвэр хүргэлт, бизнесийн салбарын байршил, маркетинг борлуулалт хийх болон орчин үеийн дрон, робот, өөрөө жолоодлоготой машины замчлалд хэрэглэх зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэр, үйлчилгээнд ашиглах боломж бүрдэх юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү