МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТЭЗҮ, СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улс Хаягжуулалтын тухай хуулийг 2013 онд баталсан бөгөөд хаягжуулалтаа шинэчилж, хаяг олгох ажлыг улам сайжруулж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг бүрэн шинэчлэх шаардлага байсаар байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан Монгол улсын Хаягийн мэдээллийн системийг олон улсын стандартын дагуу цогц байдлаар шинэ техник, технологид суурилан хөгжүүлж, гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгч төрийн болон оролцогч бусад байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Хаяг, Олон нийтийн орон зайн бодлогын хэлтсийн дарга, LX корпорацийн дэд захирал болон холбогдох мэргэжлийн байгууллагын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад хүрэлцэн ирж 2024 оны 09 дугаар сарын 23-ны өдөр “Монгол улсын хаягийн системийг боловсронгуй болгох, хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлт”-ийг дэмжих төслийн ТЭЗҮ, судалгааны үр дүнг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагуудад танилцууллаа.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрэх юм. Үүнд:
Хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэт систем бий болно;
Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэн бодит, алдаагүй хаягжуулна;
Замчлалын үйлчилгээнд тусгайлан зориулсан нарийвчилсан замын сүлжээний зурагтай болно;
Бүх төрлийн үйлдлийн системд ашиглах боломжтой гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд гаргана;
Хаягтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгч төрийн болон оролцогч бусад байгууллагуудын үйл ажиллагаа харилцан уялдаатай болно;
Төр, хувийн хэвшлийн төрөл бүрийн үйлчилгээ болох түргэн тусламж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, ачаа тээвэр хүргэлт, бизнесийн салбарын байршил, маркетинг борлуулалт хийх үйл ажиллагаа хялбар, шуурхай болно;
Дрон, робот, өөрөө жолоодлоготой машины замчлалд хэрэглэх хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэр, үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ;
Хаягийн мэдээллийг ашиглах, ажиллуулахад зориулсан тоног төхөөрөмжийг нийлүүлэх;
Хаягийн мэдээллийн систем дээр ажиллах төрийн албан хаагчдыг сургаж, дадлагажуулах ажлууд хийгдэх юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү