“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.04.03)-ийн хуралдаанаар “Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэн баталж ирүүлсэн саналыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн хянаж хууль, тогтоомж зөрчсөн, давхцал, зөрчил илэрсэн 27075 нэгж талбар бүхий 3102 га газрыг хасаж, Засгийн газрын тогтоолд 1213 га бүхий 9500 гаруй нэгж талбарыг өмчлүүлэхээр тусгагдлаа.
Уг тогтоол батлагдсанаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж газар олгох байдлыг таслан зогсоох, улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийг газар болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газрын шүүхийн маргааныг бууруулах, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг багасгаж төсвийг хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.
Мөн тогтоолоор Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү