МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХИЛИЙН ЦЭС, ЗААГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ШИНЭЭР ХӨГЖҮҮЛЖ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс, заагийн мэдээллийн нэгдсэн цахим систем” khil.gazar.gov.mn –ийг шинээр хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Тус цахим систем нь хэрэглээнд нэвтэрснээр тус салбарын архивд хадгалагдаж байсан цаасан суурьтай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоосон Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоол, тэдгээрийн хавсралт зураг болон хилийн цэсийг тогтоох үеийн бусад архивын баримт материалууд иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болохоос гадна хилийн цэсийн тоон мэдээг татаж авах, өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрын харьяаллыг тодорхойлох, холбогдох төрийн байгууллагууд байршлын лавлагаа, тодорхойлолтыг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
Ийнхүү хилийн цэс, заагийн архивын баримт материал нь олон нийтэд нээлттэй ил болсноор үндэслэлгүйгээр хилийн цэсийн маргаан үүсгэх байдал багасах, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хууль хүчний байгууллагууд хэрэг гарсан газрын засаг захиргааны албан ёсны харьяаллыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран бодит цаг хугацааны харьяаллын мэдээллийг авч болохоос гадна эрдэмтэн судлаачдын судалгааны ажилд ихээхэн ач холбогдол үзүүлэх юм.