НҮБ-ИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГААС “ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ГАЗАР ЭДЭЛБЭРИЙН ЭРХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 6 сарын 17-ны өдөр тохиодог дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хороо, Цөлжилттэй тэмцэх конвенцоос “Газрын доройтлыг бууруулахын тулд газар эдэлбэрийн эрхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт цахим олон улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөний зорилго нь Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг Газрын доройтлыг бууруулах конвенцын хэрэгжилттэй хэрхэн уялдуулах талаар техникийн гарын авлага боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Энэхүү зөвлөгөөнд Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Газар, усны газрын дарга Эдуарда Мансур, Хамтын ажиллагааны газрын дарга Марселла Виллареал, Нэгдсэн үндэстний цөлжилттэй тэмцэх конвенцын Гадаад харилцаа, бодлого, сурталчилгааны хэлтсийн дарга   Луиза Бейкер, Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Кристоффер Хэгадорн зэрэг Нэгдсэн үндэстний цөлжилттэй тэмцэх конвенцын Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, Шинжлэх ухаан бодлогын хорооны гишүүд болон тэдгээрийн гол түнш байгууллагууд оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Мөн Монгол, Сьерра Лион, Сенегал, Тунис, Гуана зэрэг орны төлөөллүүд оролцож техникийн гарын авлага бэлтгэхэд хувь нэмрээ оруулж тогтвортой газар ашиглалт, газрын доройтлыг бууруулах талаар өөрийн орны туршлага хуваалцаж танилцуулах илтгэл тавилаа.


Тус зөвлөгөөнд Монгол улсаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, мэргэжилтэн Ц.Ихбаяр, Ногоон алт төслийн менежер Ц.Энх-Амгалан, “Хүн төвтэй байгаль хамгаалал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Я.Нарангэрэл нар оролцсон бөгөөд Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, мэргэжилтэн Ц.Ихбаяр, Ногоон алт төслийн менежер Ц.Энх-Амгалан нар “Бэлчээрийн засаглал” сэдвээр хамтарсан илтгэл тавьсан юм. Илтгэлийн хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрхэн газар зохион байгуулалт, газрын бүртгэл, мониторингийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, уламжлалт зүй ёсны эрх болох бэлчээр ашиглагчдын хэрхэн бүртгэн баталгаажуулах, Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөөр дамжуулан газрын нөөцийн төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн оролцоонд түшиглэсэн бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх зэрэг өөрийн орны туршлага, тулгарч буй сорилтууд, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулга хийсэн юм.