НҮБ-ЫН ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН БҮС НУТГИЙН ХОРООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН НАЙМДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү тэргүүтэй төлөөлөл 2019 оны 11 дүгээр сарын 03-аас 11 дүгээр сарын 5-ний хооронд Австрали улсын Канберра хотод томилолтоор ажиллалаа.

НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Бүс нутгийн хорооны Ази, Номхон далайн бүсийн наймдугаар чуулганы нэгдсэн хуралдаан болон Дэлхийг ажиглан судлах бүлгийн (GEO) сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож, Монгол улсад Орон зайн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх хэрэгжилт нь хэрхэн байгаа талаар илтгэл тавьж, санал солилцлоо.

2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Наймдугаар чуулганы нэгдсэн хуралдааны хүрээн дэх “Кадастр болон газар зохион байгуулалт” сэдэвт ажлын хэсгийн хуралд хамрагдаж, Монгол улсын кадастрын системийн хөгжлийн талаар илтгэл тавьж танилцуулсан.

Мөн ажлын хэсгийн хүрээнд бусад Азийн орнуудын кадастрын тогтолцооны илтгэлүүдтэй танилцаж, Орон зайн мэдээллийн кадастрын чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах тал дээр санал солилцлоо.

Сингапур, Солонгос зэрэг улсууд “Digital Twin,3d cadaster зэрэг кадастрын шинэ технологиудын талаар танилцуулж, барилгыг давхар бүрээр загварчилж, бүртгэн онлайн системд оруулснаар онцгой байдал, гэмт хэргийн мөрдөлт зэрэгт чухал ач холбогдолтой болох талаар танилцуулав.

2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Бүс нутгийн хорооны Ази, Номхон далайн бүсийн наймдугаар чуулганы нэгдсэн хуралдаан албан ёсоор эхэлж, Ази, Номхон далайн бүсийн хэсгийн дарга Andy Barnicoat нээж үг хэлсэн. Чуулганы эхний хурал “Орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо” сэдвийн хүрээнд энэ хэсгийн ахлагч Greg Scot тайлан танилцуулга хийж, Дэлхийн банкны зөвлөх Катерин Келм дэлхийн олон оронд энэ чиглэлээр ажилласан туршлагаасаа танилцуулсан. Тэд Монгол улсыг онцолж, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо байгуулахаар санаачлагатайгаар, хурдацтай ажиллаж байгааг тэмдэглэн туршлагаа танилцуулан илтгэл тавихыг урьсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол улс дахь Орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, орон зайн мэдээллийн суурь өгөгдлүүдийг хэрхэн бүрдүүлж байгаа, геодезийн сүлжээ, зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, суурь судалгаа, мониторинг, кадастр, хот байгуулалтын кадастрын системүүдийн бүтэц, хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн. Илтгэлийн дараа тус хэсгийн гишүүдээс тулгарч байгаа бэрхшээл, суралцах зүйлс, туршлагаасаа бусад орнуудад хуваалцахыг хүссэн.

Монгол улсын хувьд хэдийгээр эрчимтэй ажиллаж байгаа ч, төрийн засгийн удирдлагуудад энэ талын ойлголт, орон зайн мэдээллийн системийн ач холбогдлыг ойлгуулахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт авах бэрхшээл байдгийг дурьдсан. Тэгсэн ч бид эх орондоо олон улсын хурал, чуулган зохион байгуулж, Ирланд улс, Дэлхийн банк зэргээс олон улсын төлөөлөгчдыг урьж, өөрийн орны засгийн газрын удирдах түвшний төлөөлөгчдийг оролцуулан уулзалт, ярилцлага зохион байгуулж, энэхүү системийн ач холбогдлийн талаар ойлгуулахыг хичээж байгаагаа дурьдлаа.

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Тогтвортой хөгжилийн зорилтууд, гамшигийн үеийн эрсдэл, нэгдсэн орон зайн мэдээллийн статистикийн чиглэлээр Япон, Индеонез, Энэтхэг зэрэг улсуудын илтгэлүүд тавигдаж, нэгдсэн хуралдааны төгсгөлд санал солилцон нэгдсэн дүгнэлтээ гаргаж, цаашидын ажилд нь амжилт хүслээ.