НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүс нутгийн хороо нь орон зайн өгөгдлийн дэд бүтэц, түүний экосистемийг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих замаар тогтвортой хөгжлийг хангахад чиглэн ажилладаг бөгөөд Ази, номхон далайн бүс нутгийн 56 орны гишүүнчлэлтэй олон улсын томоохон хороо юм.

Энэ удаагийн хуралд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Иран, Сингапур, Энэтхэг зэрэг улсын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон бусад холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн 20 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Тус Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Геодезийн нэгдсэн тогтолцоо (I), Үр ашигтай газрын менежментэд орон зайн өгөгдлийг ашиглах (II), Орон зайн нэгдсэн өгөгдөл ба статистик (III), Нэгдсэн орон зайн мэдээлэл (IV), Тогтвортой хөгжлийг хангахад орон зайн өгөгдөлд суурилсан хиймэл оюуныг ашиглах ( V ) Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, саад бэрхшээлийн талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Хурлын хүрээнд "Орон зайн экосистемийг хөгжүүлэх" сэдэвт салбарын судлаач, зөвлөхүүдэд зориулсан форум зохион байгуулагдлаа. Уг форумын хүрээнд улс орнуудын Нэгдсэн орон зайн мэдээлэлд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, шийдэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон зайн өгөгдөл, мэдээлэл боловсруулахад хиймэл оюуныг ашиглах, орон зайн өгөгдөл мэдээллийг бүрдүүлэх, хуваалцаж буй дэвшилтэт технологи, орон зайн өгөгдөлд суурилсан веб үйлчилгээ, геодезийн хэмжилт, зураглалын нарийвчлалыг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг сэдвүүдээр хэлэлцэж, санал солилцлоо.

НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүс нутгийн хорооны (UN-GGIM-AP) 15 дахь удаагийн хурал БНХАУ-ын Хайнан мужийн Саня хотод 2026 оны 09 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар шийдвэрлэгдлээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү