УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ ӨНӨӨДӨР УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ БОЛЛОО
Монгол Улсад газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой болон Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан газрын харилцааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдаж буй урлагийн анхдугаар наадам өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.
Урлагийн анхдугаар наадамд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, баруун, зүүн, төв, хангайн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд, Геодези, фотограмметр зураг зүйн холбоо зэрэг нийт 7 багууд өрсөлдлөө.
Аймаг, Нийслэлийн газрын алба нь байгуулагдсан цагаасаа хойш газрын харилцааг чөлөөт зах, зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан шинэчлэх ажлыг хуулийн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг шийдвэрлэн баталгаажуулах, газрын төлбөрийн орлогоос аймаг, нийслэлийн төсвийг бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.
Газрын харилцааны ажилтны өдрийг угтан энэ жил оюутан залуусын дунд олимпиад, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор сургалт, зөвлөгөөн, болон салбарын ажилтнуудыг идэвхишүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын 5 төрөлт тэмцээн, урлагийн АНХДУГААР наадмыг зохион байгууллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү