ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах тухай

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 44 дүгээр зүйлийн 44.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар бусдад олгох хуулийн зохицуулалттай. Уг харилцааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-аар зохицуулагдах бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулна.

Мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4 дэх хэсэг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.3 дахь хэсэг, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглуулах үйл ажиллагааг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан.

Харин дээрх журамд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын оролцогч өөрийн сүлжээ, техникийн аюулгүй байдлыг хангах болон үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, дуудлага худалдааны үнийг хөөрөгдүүлэхгүй байх эрх, үүргийн зохицуулалт тусгагдаагүйгээс шалтгаалан дуудлага худалдааны үнийг хөөрөгдүүлж улмаар зорилтод иргэн, хуулийн этгээд тухайн газрыг авч чадалгүй, хохирч үлдэх тохиолдлууд гарч байна.

Мөн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шинээр батлагдсан хуулиуд болон улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зорилго зорилттой уялдуулах хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

                Дээрх үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхийн ажлын хэсгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2026 оны А/58 дугаар тушаалаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна.

                Иймд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.

                Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/mn/detail?lawId=11807) -ээс харах боломжтой.

Газрын биржийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баянмөнх 

Утас: 70122099

Имэйл: bayanmunkh.j@gazar.gov.mn