“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 173 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Газрын тухай хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоодог. Сүүлийн жилүүдэд газрын харилцааны салбарт цахим шилжилт эрчимжиж, egazar.gov.mn болон nsdi.gov.mn системүүдийг үе шаттай хөгжүүлснээр иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж эрс нэмэгдсэн.

Өнөөдрийн байдлаар egazar.gov.mn системд давхардсан тоогоор 15.8 сая гаруй хандалт бүртгэгдэж, 517 мянга гаруй өргөдлийн хүсэлт цахимаар илгээгдсэн байна. Мөн 1.67 сая гаруй нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээлэл, 334 мянга гаруй төлбөр татварын мэдээлэл, 233 мянга гаруй төлөвлөлтийн санал, 129 мянга гаруй хянан баталгааны үйлчилгээ цахимаар үзүүлжээ. Геопорталын nsdi.gov.mn системээр дамжуулан 37 төрлийн орон зайн өгөгдөл, мэдээллийг иргэн, байгууллагад нээлттэй хүргэж байгаа бөгөөд нийт 1.9 сая гаруй хэрэглэгч хандсан байна. Мөн улсын хэмжээнд суурилуулсан газрын харилцааны үйлчилгээ үзүүлдэг 93 киоск төхөөрөмжөөр давхардсан тоогоор 47 мянга гаруй иргэн, хуулийн этгээд 17 төрлийн үйлчилгээ авч, кадастрын зураг, газрын тодорхойлолт, гэрчилгээ зэрэг үйлчилгээнд нийт 714.1 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор салбарын цахим үйлчилгээний эрх зүйн орчин шинэчлэгдэж, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх зохицуулалт өргөжсөнөөр үйлчилгээний төрөл, хүртээмж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох бодит шаардлага үүссэн бөгөөд одоогийн тогтолцоог иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх хэрэгцээ бий болсон.

Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн газрын хэмжээнээс шууд хамаарсан төлбөрийн тогтолцооноос татгалзан бодит өртөгт суурилсан нэгж хураамжийн хэлбэрт шилжүүлэх, иргэдийг суурь лавлагаа, мэдээлэл авах төлбөрөөс чөлөөлөх, төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх, төрийн мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолд оруулж буй өөрчлөлтөөр үйлчилгээ, лавлагаа, мэдээллийн төрөл ангиллыг шинэчилж, лавлагаа болон зарим төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй болгохоос гадна цахим үйлчилгээний бодит хэрэглээ, ачаалалд нийцсэн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож байна.

Шинэчлэн боловсруулсан Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа Enkhzaya.g@gazar.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 2024 оны 173 дугаар тогтоолыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/mn/detail?lawId=17142249199471) -ээс харах боломжтой.

Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын ахлах мэргэжилтэн Г.Энхзаяа

Утас: 51+264596