АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидыг сургах, чадавхийг бэхжүүлэх, цахим шилжилтийг улам эрчимжүүлэх жил болгон зарлаад байна.
Тус ажлын хүрээнд өнөөдөр 21 аймаг, нийслэлийн газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнүүдэд Геодези, зураг зүйн хууль болон холбогдох дүрэм, журмыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ур чадварыг сайжруулах, чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
ГЗБГЗЗГ-ын А.Энхманлай: УИХ болон Засгийн газарт Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулахаар ажиллаж байна. Эдгээр хуулинд өөрчлөлт орж хэрэгжиж эхлэхэд салбарын мэргэжилтэнүүд мэргэшсэн, чадварлаг, бэлэн байх ёстой гэлээ.
Тус сургалт 4 өдөр зохион байгуулагдах бөгөөд геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтэц, “Геопортал” цахим системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах чиглэлээр явагдах юм.
Сургалтаар геодези, зураг зүйн чиглэлээр 2022 онд нийслэл, орон нутагт хийгдэх ажлууд, Монгол Улсын байрлал, өндрийн сүлжээ, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт хамгаалалт, газар зүйн нэр, байр зүй, инженерийн дэд бүтцийн зураг мэдээллийн шинэчлэлт, шинээр батлагдсан норм дүрмүүдийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх бол орон зайн өгөгдлийн дэд бүтцийн сургалтаар “Геопортал” цахим системийн ажиллах зарчим, орон зайн өгөгдлийн 18 багц стандарт /MNS 6925-1-18/-тай танилцаж, тэдгээрийн дагуу өгөгдөл бэлтгэн системд оруулах, засварлах чадварыг эзэмших юм байна.