АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ТУРШИЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Азийн Хөгжлийн Банк /ADB/-ны төв оффисын Төр, хувийн хэвшилтэй харьцах газрын төлөөлөгчидтэй уулзалт хийж, Монгол Улсад бэлчээрийн газрын хүлэмжийн хийн ялгарал, шингээлттэй холбоотой туршилтын төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар бэлчээрийн талхлагдал, цөлжилтийн үр нөлөөгөөр бэлчээрийн газрын хөрс нь нүүрстөрөгчийг шингээх чадвараа алдаж эхэлж байгааг манай байгууллагаас хэрэгжүүлдэг бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах фото мониторингийн үнэлгээ болон бусад судалгаа шинжилгээний сүүлийн 10 жилийн үр дүнг ашиглан судлаачид тогтоосныг малчдын улирлын сэлгээ нүүдлийг эрчимтэй хийх, хүчтэй доройтсон бэлчээрийг урт хугацаагаар амраах, нөхөн сэргээх, малын хөлийн ачааллыг зохицуулснаар хүлэмжийн хийн шингээх чадварыг сайжруулах бүрэн боломжтойг онцолсон юм.
Мөн үндэсний тодорхойлох хувь нэмэр /NDC 3.0/ бодлогын баримт бичигт бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн асуудлыг хүлэмжийн хийн ялгарал, шингээлттэй уялдуулан зорилт болгон шинээр оруулсантай холбоотойгоор энэхүү төсөл хэрэгжиж байгаа ба төслийн байршлыг сонгох, бэлчээрийн газрын хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг өгөгдөл мэдээлэлд үндэслэн улам нарийн тооцоолох, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх багтай тус газраас хамтран ажиллахаар ярилцаж тохиролцлоо.
Ташрамд дурдахад Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал СОР17-д энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлэх байршил болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулах юм.