МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2025 ОНЫ 153 ДУГААР ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нарийвчилсан судалгааг гаргаж, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрыг шилжүүлэх, чөлөөлөх, нөхөх олговор тооцох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол улсын Ерөнхий сайдын 2025 оны 153 дугаар захирамжаар байгуулагдсан.

Энэхүү ажлын хэсэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хархорум хотын захирагч, түүний ажлын алба, Архангай, Өвөрхангай аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөллүүдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй юм.




Уг ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026.02.04/ зохион байгуулагдаж тусгай хэрэгцээний газрын газар ашиглалт, нөлөөлөлд өртөж буй эзэмших, ашиглах, өмчлөх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нарийвчилсан судалгаатай танилцаж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн, холбогдох үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдэд өглөө.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү