БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ 2023 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

Бэлчээрийн газрын төлөв байдлыг жил бүр тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн санг тогтмол баяжуулж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийн газрыг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болгох зорилгоор фото мониторингийн үнэлгээг улсын хэмжээнд 8 дахь жилдээ хийж гүйцэтгэж байна.

 

Бэлчээрийн газарт фото мониторингийн үнэлгээ хийх давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулдаг, ашиглахад энгийн, зардал багатай, бэлчээрийн сэргэн ургалт, доройтлын өөрчлөлтийг урт, богино хугацаанд харьцуулан харах боломжтой байдаг.

 

2023 онд 21 аймгийн 319 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 108.8 сая га бэлчээрийн газрыг төлөөлсөн 5158 цэгт хээрийн судалгаа хийж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлгээ хийхэд 569 мониторингийн цэг буюу 11% нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 2356 мониторингийн цэг буюу 45.7% нь бага зэрэг өөрчлөгдсөн, 1012 мониторингийн цэг буюу 19.6% нь дунд зэрэг өөрчлөгдсөн, 879 мониторингийн цэг буюу 17% нь хүчтэй өөрчлөгдсөн, 342 мониторингийн цэг буюу 6.6% нь маш хүчтэй өөрчлөгдсөн байна.

Фото мониторингийн үйл ажиллагаа болон 2023 оны үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийж орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлууд болон цаашид бэлчээрийн газрыг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийслэл, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлээд байна.

Мөн фото мониторингийн үнэлгээний үр дүн болон бусад газрын мониторингийн орон зайн болон статистик тоон мэдээллийг https://egazar.gov.mn/map цахим хуудсаар хэрэглэгчдэд нээлттэй хүргэж байгаа тул та  бүхэн дээрх хаягаар хандан мэдээлэл авахыг хүсье.