МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ГАЗРЫН НЭГДМЭЛ САН, ГАЗАР ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТ, БҮРТГЭЛ, ТҮҮНИЙ ХЯНАЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Өнөөдөр /2023.12.13/-ийн МУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийгдлээ.
Ингээд Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүргийн хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэмжээнд гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлыг шалгаж, танилцуулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсгийг байгуулж ажиллах;
Орон зайн суурь өгөгдөл болох геодезийн цэг тэмдэгт, байр зүйн зураг, өндөржилт, ортофото зураг, газар зүйн нэр, газрын бүрхэвч, хөрс, хилийн цэс, газар ашиглалт, хаяг, барилга, дэд бүтэц, тээврийн сүлжээ, ус зүй, геологи, түүх соёл, археологийн өв болон хүн ам зүйн өгөгдлийг Газар зүйн мэдээллийн стандартын дагуу бүрдүүлж, хөтлөх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт, агентлагийн дарга нарт, мэдээллийн сангуудыг холбож, байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд;
Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгүй сумдын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, төлөвлөгөөний баримт бичгийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээн авч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт;
Холбогдох хуулиудын дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм горим бүхий хамгаалалт, хориглолт, хязгаарлалтын бүс, зурвас газруудыг зураглах ажлыг зохион байгуулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд бүртгүүлэхийг холбогдох сайд нарт;
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, хэвийн найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангах, техник, тоног төхөөрөмж, системийн хөгжүүлэлтэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол тодорхой саналаа боловсруулан Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт, цахим системийн нөөц хувилбарыг Үндэсний дата төвд байршуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй холбох, нэгтгэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт;
Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газарт болон ерөнхий төлөвлөгөө зөрчиж газар олгосон, хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын бүсчлэлийн дүрмийг зөрчиж барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгах талаар санал боловсруулан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт тус тус даалгалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү