“БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ БА МОНГОЛ УЛС” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойд зориулсан “НҮБ-ын 7 хоног” аяны хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” сэдэвт талуудын уулзалт 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдварийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хамтын шийдэл, түншлэлийг бэхжүүлэх, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон Улсын жил-2026”-г угтсан хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ.
Мөн Гадаар харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдварийн яамны төлөөллүүд “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон Улсын жил — Монгол Улсын Засгийн газрын баримтлах зарчим” “Олон улсын жилийг угтан Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд” сэдвээр илтгэл тавив.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Монгол улсын газар ашиглалтын бодлогын шинэчлэл”, “Бэлчээрийн фотомониторингийн үр дүн, ач холбогдол” сэдвүүдээр танилцуулга хийж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тогтвортой ашиглалтын бодлогыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлох чиглэлээр одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцууллаа.