БНСУ-ЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ /SPACE N/-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Бүгд Найрамдах Солонгос улсын Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг /SPACE N/-ийн ерөнхийлөгч Сон Вүү Жүн болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Уулзалтын үеэр Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн ерөнхийлөгч Сон Вүү Жүн нь агентлагийн алсын хараа, үндсэн үйл ажиллагааны чиглэл, “Орон зайн өгөгдлийг бүрдүүлэх тухай”, “Орон зайн өгөгдлийн үйлдвэрлэлийг дэмжих тухай”, “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн менежментийн тухай” зэрэг хуулиудыг хэрэгжүүлдэг, орон зайн өгөгдөлд тулгуурласан трэнд үйлчилгээ болох V-World Operation (Google Earth-ийн солонгос хувилбар) платформ, орон зайн үйлдвэрлэл, сургуулийн сурагчид, оюутан, иргэд, бүх салбарын албан хаагчдад үнэ төлбөргүй газар зүйн мэдээллийн системийн сургалт явуулдаг, гадаадын олон оронд Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг зэрэг туршлагаа танилцууллаа.
Санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээ нь орон зайн мэдээллийн хууль тогтоомж, стандарчилал, орон зайн мэдээллийн үндэсний порталыг хөгжүүлэх, боловсон хүчний сургалтын төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
БНСУ-ын Орон зайн мэдээлэл, үйлдвэрлэлийг дэмжих агентлагаас 6 төлөөлөгч, орон зайн үйлдвэрлэл эрхэлдэг 6 аж ахуйн нэгжийн 11 албан хаагч Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд оролцож байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү