ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТӨСӨЛ
Засгийн газрын 2024 оны ....... дугаар
тогтоолын хавсралт
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
1.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2. Эрхийн гэрчилгээ олгоход дараах зарчмыг баримтална. Үүнд:
1.2.1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэгж талбар бүрээр байршил нь тодорхой туссан байх;
1.2.2. Түргэн, шуурхай байх;
1.2.3. Нээлттэй, ил тод байх;
1.2.4. Шударга ёс, тэгш байдлыг хангах;
1.2.5. Байршлын хувьд давхцалгүй байх.
1.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоход дараах дэс дараалсан үйл ажиллагаа хийж гүйцэтгэнэ. Үүнд:
1.3.1. Хүсэлт хүлээн авах, хянах, өргөдлийн бүртгэл үүсгэх;
1.3.2. Суурин судалгаа хийх;
1.3.3. Хээрийн судалгаа хийх;
1.3.4. Шийдвэрийн төсөл боловсруулах;
1.3.5. Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх;
1.3.6. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд баталгаажуулах;
1.3.7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүргүүлэх;
1.3.8. Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох;
1.3.9. Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх;
1.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглахтай холбоотой хүсэлтийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /egazar.gov.mn/ эсвэл төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /e-mongolia/-ээр /цаашид “цахим систем” гэх/ дамжуулан хүлээн авч, шийдвэрлэнэ.
2. Гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмшүүлэх
2.1. Газрын тухайн хуулийн 29.1, 29.2-т заасны дагуу иргэн гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргана.
2.2. Иргэн цахим системд хандан сум, дүүрэг, хороо болон газар ашиглалтын зориулалтыг сонгон, энэхүү журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу үүссэн хүсэлтийг илгээнэ.
2.3. Хүсэлтийг илгээх үед цахим систем энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу үүссэн “Хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолтыг” иргэнд хүргүүлэх бөгөөд тухайн тодорхойлолтыг иргэн хэвлэн авах боломжтой.
2.4. Иргэний хүсэлтийг цахим систем тухайн өдрийн 23 цаг 59 минут хүртэл дараах дарааллаар эрэмбэлнэ. Үүнд:
2.4.1.1.Цахим системд хүсэлтийг бүртгэсэн огнооны дарааллаар;
2.4.1.2.Өмнө нь, хүсэлт гаргасан газар ашиглалтын зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг энэхүү журмын 2.4.1.1-т заасан жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэнэ.
2.5. Тухайн өдрийн хүсэлт хүлээн авах хугацаа дуусмагц цахим систем хүсэлтийн эрэмбэлэгдсэн жагсаалтын эхэнд дугаарлагдсан иргэнээс эхлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан нэгж талбар /цаашид “төлөвлөлтийн нэгж талбар” гэх/-аас тохиолдлын аргаар сонгон иргэнд санал болгоно.
2.6. Иргэн цахим системээс санал болгосон газрын байршил болон бусад мэдээлэлтэй танилцаж, ажлын 5 хоногт багтаан баталгаажуулна.
2.7. Иргэн санал болгосон газрыг баталгаажуулсан тохиолдолд цахим системд өргөдлийн бүртгэл үүсэх бөгөөд өргөдөлд газар эзэмших хүсэлтийн маягт, төлөвлөгөөний нэгж талбарын кадастрын зураг, иргэний үнэмлэхний мэдээлэл хавсаргагдана.
2.8. Иргэн санал болгосон газрыг баталгаажуулахаас татгалзан хүсэлт гаргасан сум, дүүрэг, хороо болон газар ашиглалтын зориулалтыг өөрчлөн шилжүүлэх, мөн тухайн хүсэлт гаргасан засаг захиргааны нэгжид хэвээр үлдэж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн, үлдсэн тохиолдолд хүсэлтийг тухайн огноогоор дахин шинэчилнэ.
2.9. Иргэн ажлын 5 хоногт хүсэлтээ баталгаажуулаагүй тохиолдолд тухайн хүсэлт нь тус Засаг захиргааны нэгжид хэвээр үлдэх бөгөөд хүсэлтийг тухайн огноогоор шинэчилнэ.
2.10. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал цахим системд өргөдлийн бүртгэл үүссэн тохиолдолд энэхүү журмын 6-10 дугаарт заасан үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
3. Хүсэлт хүлээн авах, хянах, өргөдлийн бүртгэл үүсгэх
3.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглахтай холбоотой дараах тохиолдолд дор дурдсан хүсэлтийг цахим системээр гаргана. Үүнд:
3.1.1. Шинээр газар эзэмших хүсэлт.
3.1.1.1. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэн, хуулийн этгээд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хавсаргах;
3.1.2. Шинээр газар ашиглах хүсэлт.
3.1.2.1. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу Улсын Их Хурал гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гарсан тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд Улсын Их Хурлын шийдвэрийг хавсаргах;
3.1.2.2. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хавсаргах;
3.1.3. Давуу эрхээр газар эзэмших хүсэлт.
3.1.3.1.Монгол улсын иргэн үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрын эзэмших эрх авах тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.3.1.1.Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр;
3.1.4. Дуудлага худалдаагаар газар эзэмших, ашиглах хүсэлт.
3.1.4.1.Газрын тухай хуулийн 33.1.2, 44.4-т заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу дуудлага, худалдааны ялагч болсон;
3.1.5. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт.
3.1.5.1.Газрын тухай хуулийн 33.5-т заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу төсөлд сонгон шалгарсан;
3.1.6. Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан газар эзэмших хүсэлт.
3.1.6.1.Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан газар эзэмших эрх авах;
3.1.7. Эзэмшиж буй газрын байршил өөрчлөх хүсэлт.
3.1.7.1.Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж буй газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд дор дурдсан баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.7.1.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/
3.1.7.1.2. Мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн өөрчлөлт орж байгаа нэгж талбарын хил зааг, солбицлын утгыг харуулсан зураг;
3.1.8. Газар эзэмших эрхийг бусдад бүтнээр нь шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт, материалыг хавсаргана. Үүнд:
3.1.8.1. Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай нотариатын гэрээний эх хувь;
3.1.8.2. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/;
3.1.8.3. Татварын тодорхойлолт;
3.1.9. Газар эзэмших эрхээ бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт тохиолдолд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.9.1.Газар эзэмших эрхийг шилжүүлэх нотариатын гэрээний эх хувь;
3.1.9.2.Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/;
3.1.9.3. Татварын тодорхойлолт;
3.1.9.4. Мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн нэгж талбарын хэсэгчлэн хуваагдсан хил зааг, солбицлын утгыг харуулсан зураг;
3.1.10. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, хамтран эзэмшигч, нэмэх, хасах хүсэлт гаргасан тохиолдолд дор дурдсан баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.10.1.Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/;
3.1.11. Эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт, материалыг хавсаргана. Үүнд:
3.1.11.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/
3.1.11.2.Мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн өөрчлөлт орж байгаа нэгж талбарын хил зааг, солбицлын утгыг харуулсан зураг;
3.1.12. Газар ашиглалтын зориулалт өөрчлөх хүсэлт.
3.1.12.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэлтэй нийцсэн тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.12.1.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/;
3.1.13. Газрын эрхийн төрөл өөрчлөх хүсэлт.
3.1.13.1. Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд газрын эрхийн төрөл өөрчлөх хүсэлт гаргана. Хүсэлтэд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.13.1.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/
3.1.13.1.2. Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн тухай тодорхойлолт;
3.1.14. Нэгж талбар нэгтгэх хүсэлт.
3.1.14.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн нэр дээр бүртгэлтэй хил залгаа байрлах, газар ашиглалтын зориулалт ижил 2 ба түүнээс дээш нэгж талбарыг нэгтгэн нэг нэгж талбар болгох тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.14.1.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /нэгж талбар тус бүрт газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/
3.1.15. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр өөрчлөх хүсэлт.
3.1.15.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаарт өөрчлөлт ороогүй, зөвхөн оноосон нэр өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.15.1.1. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /нэгж талбар тус бүрт газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх/
3.1.15.1.2. Оноосон нэр өөрчлөгдсөн тухай Улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолт.
3.1.16. Газар дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөгч өөрчлөгдсөн тухай хүсэлт.
3.1.16.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн барилга, байгууламжийг худалдсан шилжүүлсэн тохиолдолд энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
3.1.16.1.1. Эрх бүхий этгээдийн шийдвэр;
3.1.16.1.2. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар;
3.1.16.1.3. Хуралдааны тэмдэглэл;
3.2. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цахим системээр гаргасан энэхүү журмын 3.13.1.1.1-т заасан хүсэлтийг хүлээн авч, ажлын 5 хоногийн дотор түүнд хавсаргасан баримт, бичгийн бүрэн гүйцэт эсэхийг нягталж, шалган, шаардлага хангасан тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн санд өргөдлийн бүртгэл үүсгэнэ.
3.3. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь шаардлага хангаагүй хүсэлтийг буцаана.
3.4. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал энэхүү журмын 3.1.15-т хүсэлтийг хүлээн авч, цахим системд өргөдлийн бүртгэл үүссэн тохиолдолд энэхүү журмын 7-10-т заасан үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
4. Суурин судалгаа хийх
4.1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал өргөдлийг шийдвэрлэхээр дараах суурин судалгаа хийх гүйцэтгэнэ. Үүнд:
4.1.1. Энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7-т заасан хүсэлт гаргасан байршил нь тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг тулган, шалгах;
4.1.2. Энэхүү журмын 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.12, 3.1.13, 3.1.14, 3.1.15, 3.1.16-т заасан хүсэлтийг шийдвэрлэхээр дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
4.1.2.1. Нэгж талбарын хувийн хэргийн баримт, материалтай тулган, шалгах;
4.1.2.2. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлтэй тулган шалгах;
4.1.2.3.Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй хамгаалалтын бүстэй давхцуулан шалгах;
4.1.2.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан дундын мэдээллийн санд нэвтрэн иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэлтэй тулган, шалгах;
4.1.2.5. Энэхүү журмын 3.1.12-т заасан хүсэлтийг хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэлтэй нийцэж буй эсэхийг тулган, шалгах;
4.1.2.6. Энэхүү журмын 3.1.8, 3.1.9-т заасан хүсэлтийг Монголын нотариатчын танхимтай байгуулсан дундын мэдээллийн санд хандан гэрээний мэдээлэлтэй тулган, шалгах;
4.1.2.7. Энэхүү журмын 3.1.11-тзаасан хүсэлтийг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг хянан, шалгах;
4.2. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал энэхүү журамд заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг дүгнэнэ.
4.3. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал энэхүү журмын 4.1, 4.2-т заасны дагуу тулган шалгаж, дүгнэхэд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд “Хариу өгөх мэдэгдэл”-ийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цахим системээр хүргүүлж, өргөдлийн бүртгэлийг хаана.
4.4. Шийдвэрлэх боломжтой өргөдлийг дараагийн шатны үйл ажиллагаанд шилжүүлнэ.
5. Хээрийн судалгаа хийх
5.1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал энэхүү журмын 3.1.11-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ.
5.2. Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
5.2.1. Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох;
5.2.2. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх;
5.2.3. Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж үзэх;
5.2.4. Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох;
5.2.5. Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох шаардлагатай эсэхийг тогтоох ;
5.3. Хээрийн судалгаагаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нь тогтоогдсон бол энэхүү журмын дагуу "Хариу өгөх мэдэгдэл"-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр хүргүүлж, өргөдлийн бүртгэлийг хаана.
6. Шийдвэрийн төсөл боловсруулах
6.1.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал шийдвэрлэх боломжтой өргөдөлд шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна. Үүнд:
6.1.1. Газар эзэмших эрх олгох тухай;
6.1.2. Газар ашиглах эрх олгох тухай;
6.1.3. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх;
6.1.4. Газрын эрхийн төрөл өөрчлөх тухай;
6.1.5. Газар эзэмших эрх нэгтгэх тухай;
6.1.6. Газрын байршил өөрчлөх тухай;
6.1.7. Газрын эрхийн төрөл өөрчлөх тухай;
6.1.8. Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай;
6.1.9. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай;
6.1.10. Газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай;
6.1.11. Газрыг нөхөх олговортойгоор эргүүлэх авах тухай;
6.1.12. Газрын нөхөх олговортойгоор солих тухай;
6.1.13. Хамтран эзэмшигч нэмэх тухай;
6.1.14. Хамтран эзэмшигч хасах тухай;
6.1.15. Улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглах тухай;
6.1.16. Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах тухай;
6.2. Шийдвэрийн төсөлд дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:
6.2.1. Эрхийн гэрчилгээ олгох үндэслэл;
6.2.2. Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр/аж ахуйн нэгж, байгууллагын нэр/;
6.2.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар /иргэний бүртгэлийн дугаар/;
6.2.4. Газар эзэмших, ашиглах эрхийн төрөл;
6.2.5. Нэгж талбарын дугаар, эсвэл төлөвлөлтийн нэгж талбарын дугаар;
6.2.6. Газрын хэмжээ /м.кв-аар/;
6.2.7. Нэгж талбарын хаяг;
6.2.8. Газар ашиглалтын зориулалт;
6.2.9. Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа;
6.2.10. Хүчингүй болж буй шийдвэрийн огноо, дугаар;
6.3. Шийдвэрийн үндэслэлд дараах тохиолдолд дор дурдсан үндэслэлийг нэмэлтээр заавал дурдсан байна. Үүнд:
6.3.1. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын ялагчид газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдолд ялагчтай байгуулсан гэрээний огноо, дугаар;
6.3.2. Газар дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөгч өөрчлөгдөн газар эзэмшигч, ашиглагчид өөрчлөлт оруулж буй тохиолдолд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т дахь хэсэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт;
6.4.Шийдвэрийн төслийн хавсралтад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг засаг захиргааны нэгж тус бүрээр дэс дараалуулан жагсаах бөгөөд дугаарлалт алгасаагүй байна.
6.5.Шийдвэрийн төсөлд эрх олгогдож буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт тоо, тэдгээрт эзэмшүүлж, ашиглуулсан нийт талбайн хэмжээ болон хавсралт хуудасны нийт тоог заавал тусгана.
6.6. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд өргөдлийн бүртгэл үүссэнээс хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрийн төслийг боловсруулан, эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байна.
6.7. Дүүргийн газрын алба энэхүү журмын 6.1.6, 6.1.8-т заасан шийдвэрийн төслийг боловсруулан нийслэлийн Газрын албанд хүргүүлнэ.
6.8. Шийдвэрийн хавсралт хуудас тус бүрт нь тэмдэг дарсан байна.
6.9. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал эрх бүхий этгээдийн шийдвэрийг сканердан Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд оруулна.
6.10. Газрын тухай хуулийн 34.2-т заасан байгаль орчны нөлөөллийн дүгнэлтийг шийдвэрийн төсөл дэмжигдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд хүргүүлнэ.
6.11. Энэхүү журмын 6.10-д заасан дүгнэлт сөрөг гарсан Газрын тухай хуулийн 34.3-т заасан үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
6.12. Эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Хариу өгөх мэдэгдэл”-ийг цахим системээр хүргүүлж, өргөдлийн бүртгэлийг хаана.
7. Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх
7.1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан дараах тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэх тухай мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр илгээнэ. Үүнд:
7.1.1. Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгосон;
7.1.2. Газар эзэмших эрхийн бусдад хэсэгчлэн шилжүүлсэн;
7.1.3. Эзэмшил газрын талбайн хэмжээ, байршил өөрчлөгдсөн;
7.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү журмын 7.1-т заасан мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан, эргэлтийн цэгийг газарт бэхлүүлнэ.
7.3. Мэргэжлийн байгууллага хүсэлт гаргагчийн газарт "Кадастрын зураглалын ажил" БНбД-ийг баримтлан нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхэлнэ.
8. Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах
8.1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийг бүртгэнэ.
8.2. Эрх бүхий этгээдийн шийдвэрийг цахим системд бүртгэснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажна.
8.3. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал кадастрын зургийг татан авч, “Нэгж талбарын хувийн хэрэг"-т хадгална.
8.4. Кадастрын зураг нууцлал бүхий кодоор баталгаажсан байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахим системээс гарган авна.
8.5. Кадастрын зураг нь энэхүү журмын 12 дугаар хавсралтаар батлагдсан загвартай байна.
8.6. Эрхийн гэрчилгээг барьцаалсан, эзэмшил газраа бусдад ашиглуулсан, шүүх байгууллагын шийдвэрээр эрх сэргээж, түдгэлзүүлсэн, иргэн, хуулийн этгээдийн оноосон нэр өөрчилсөн тухай бүртгэлийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэнэ.
8.7. Эрхийн гэрчилгээ олгох дэс дараалсан үйл ажиллагааг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан явуулахыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
9.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
9.1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
9.2. Энэхүү журмын 6.1.1, 6.1.2, 6.1.6, 6.1.8-т заасан шийдвэр гарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрх бүхий этгээдийн шийдвэр цахим системд орсноос хойш ажлын 5 хоногийн дотор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг цахим системээр илгээнэ.
9.3. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг илгээсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримт, материалыг дундын мэдээллийн санд оруулна. Үүнд:
9.3.1. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг;
9.3.2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр;
9.3.3. Кадастрын зураг;
9.3.4. Тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал.
10. Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох
10.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд цахим системд хандан гэрээний нөхцөлтэй танилцан, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ үүсч, өргөдлийн бүртгэлд хавсаргагдана.
10.2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ загварыг энэхүү журмын хавсралтаар батлах бөгөөд дараах төрөлтэй байна. Үүнд:
10.2.1. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ;
10.2.2. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;
10.2.3. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;
10.2.4. Иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээ;
10.2.5. Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээ;
10.2.6. Улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглах гэрчилгээ;
10.3. Энэхүү журмын 10.2.6-т заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
10.4. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон эрхийн гэрчилгээ нь нууцлал бүхий кодоор баталгаажсан байна.
10.5. Нууцлал бүхий код нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэлтэй дараах мэдээлэлтэй холбогдсон байна. Үүнд:
10.5.1. Газар эзэмшигч, ашиглагчийн нэр;
10.5.2. Регистрийн дугаар /иргэний бүртгэлийн дугаар/;
10.5.3. Газар эзэмших, ашиглах эрхийн төрөл;
10.5.4. Газар эзэмших, ашиглах эрхийн дуусах огноо;
10.5.5. Газар ашиглалтын зориулалт;
10.5.6. Талбайн хэмжээ;
10.5.7. Газрын байршил;
10.5.8. Шийдвэрийн түвшин, огноо, дугаар;
10.5.9. Улсын бүртгэлийн дугаар;
10.5.10. Нэгж талбарын дугаар;
10.5.11. Газар эзэмших, ашиглах гэрээний дугаар;
10.5.12. Газар эзэмших, ашиглах гэрээний дуусах огноо;
10.5.13. Газар эзэмших, ашиглах гэрчилгээний дугаар;
10.5.14. Газрыг барьцаалсан эсэх, барьцаанаас чөлөөлөгдөх хугацаа;
10.5.15. Шүүхийн шийдвэрээр эрх түдгэлзүүлсэн эсэх, эрх түдгэлзүүлсэн хугацаа;
10.5.16. Үнэлгээний мэдээлэл;
10.5.17. Газрын төлбөр, татварын мэдээлэл;
10.5.18. Хамтран эзэмшигчийн мэдээлэл;
10.5.19. Бусад.
10.6. Эрхийн гэрчилгээ нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс олгосон дахин давтагдашгүй дугаарлалт бүхий 10 оронтой дугаартай байна.
10.7. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тэмдэглэлтэй байх бөгөөд тэмдэглэл хэсэгт хамтран эзэмшигч, барьцааны тэмдэглэл хийгдэнэ.
10.8. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг ашиглагч этгээд, хамгаалалтын захиргаа, Засаг дарга 3-ын хооронд гурвалсан гэрээ байгуулна.
10.9. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээнд дараах зохицуулалтыг заавал тусгана. Үүнд:
10.9.1. Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийн огноо, дугаар;
10.9.2. Газрын хэмжээ, байршил, нэгж талбарын дугаар;
10.9.3. Газар ашиглалтын зориулалт, код, түүнд хамаарах стандарт шаардлага;
10.9.4. Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа;
10.9.5. Газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;
10.9.6. Гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага;
10.9.7. Шийдвэрээр олгогдсон талбайн хэмжээ, хил заагаар газраа эзэмшиж, ашиглах талаарх зохицуулалт;
10.9.8. Газар эзэмшигч, ашиглагч нь эзэмшиж, ашиглаж буй газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах тухай зохицуулалт;
10.9.9. Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо;
10.9.10. Эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэх авах нөхцөл, журам;
10.9.11. Тухайн нэгж талбар нь хязгаарлалт, хамгаалалтын бүсэд хамаарч байвал энэ талаарх зохицуулалт;
10.9.12. Газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөж, өөрчлөлтийг илэрхийлж байгаа бодит үзүүлэлтүүдийг бууруулахгүй байх талаарх зохицуулалт;
10.9.13. Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд газрын эрхийн төрөлд өөрчлөлт оруулах талаар зохицуулалт ;
10.9.14. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
10.10. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг хэвлэн нэгж талбарын хувийн хэрэгт хадгална.
10.11. Газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдолд Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг бичиж гэрээнд хавсаргана.
10.12. Сумын газрын даамал дахин давтагдашгүй дугаар бүхий тэмдэгтэй байна.
10.13. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахим системд хандан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг өөрөө хэвлэн авна.
11.Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх
11.1. Газар эзэмших, ашиглах эрх олгох, түүнтэй холбоотой бусад харилцаанд үүссэн эрх зүйн нотлох баримт, бичгийг “"Нэгж талбарын хувийн хэрэг"-т хадгална.
11.2. Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
12. Гэрээгээр газар ашиглуулах
12.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, мөн Сууц өмчлөгчдийн холбоо орчны газрыг ашиглах тохиолдолд тухайн газрыг гэрээгээр ашиглуулна.
12.2. Сууц өмчлөгчдийн холбоо орчны газрыг ашиглах тохиолдолд дор дурдсан хүсэлтийг гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт, бичгийг хавсаргана.
12.2.1. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ;
12.2.2. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм;
12.2.3. Мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн орчны газрын талбайн хэмжээ, хил зааг, солбицлын утгыг харуулсан зураг;
12.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тохиолдолд дор дурдсан хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
12.3.1. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл;
12.4. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүсэлтэд хавсаргасан баримт, бичиг бүрэн гүйцэт эсэхийг нягталж, шалган шаардлага хангасан хүсэлтийг Газрын кадастрын мэдээллийн санд өргөдлийн бүртгэл үүсгэнэ.
12.5. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал өргөдлийг шийдвэрлэхээр дараах судалгааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
12.5.1. Газрын кадастрын бүртгэлтэй мэдээлэлтэй тулган, шалгах;
12.5.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан дундын мэдээллийн санд нэвтрэн иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэлтэй тулган, шалгах;
12.5.3. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэлтэй хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг тулган, шалгах;
12.5.4. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг тулган, шалгах;
12.6. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал шийдвэрлэх боломжтой өргөдлийг энэхүү журмын Error! Reference source not found., 6, 8-т заасан үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
12.7. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гэрээ байгуулна.
13.Барьцааны бүртгэл, тусгай тэмдэглэгээ хийх, эзэмшиж буй газраа бусдад ашиглуулах, сервитутийн бүртгэл хийх
13.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ барьцаалсан тохиолдолд барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтийг цахим системээр илгээх бөгөөд дор дурдсан баримт, бичгийг хавсаргана. Үүнд:
13.1.1. Барьцааны гэрээ;
13.1.2. Зээлийн гэрээ;
13.2.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүсэлтийг хүлээн авч, хүсэлтэд хавсаргасан баримт, бичгийг бүрэн гүйцэт эсэхийг хянаж, шалган, шаардлага хангасан хүсэлтийг Газрын кадастрын мэдээллийн санд өргөдлийн бүртгэлийг үүсгэж, барьцааны бүртгэлийг хийнэ.
13.3. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу тусгай зориулалтын компаниас ирүүлсэн албан бичгийг үндэслэн барьцааны бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийнэ.
13.4.Барьцааны бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийх албан бичигт дараах баримт, бичгийг хавсаргасан байна. Үүнд:
13.4.1. Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгэсэн тухай Хорооны шийдвэр;
13.4.2. Зээлийн гэрээг худалдан авсан тухай гэрээний хуулбар;
13.4.3. Хөрөнгийн жагсаалт;
13.5. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал барьцааны бүртгэлд тусгай тэмдэглэгээг хийсэн тухай хариуг албан бичгээр хүргүүлнэ.
13.6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж буй газраа бусдад ашиглуулсан тохиолдолд хүсэлтийг цахим системээр илгээх бөгөөд дор дурдсан баримт, бичгийг хавсаргасан байна. Үүнд:
13.6.1. Эзэмшиж буй газраа бусдад ашиглуулсан тухай нотариатын гэрээний хуулбар;
13.7. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал энэхүү журмын 13.6-т заасан хүсэлт ирсэн тохиолдолд дор дурдсан судалгааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
13.7.1. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа эрхэлсэн эсэх;
13.7.2. Газраа ашиглалтын зориулалтын дагуу ашиглуулах эсэх;
13.8. Судалгаагаар шийдвэрлэх боломжтой хүсэлтийг хүлээн авч Газрын кадастрын мэдээлийн сангийн нэгдсэн цахим системд өргөдөл үүсгэн, бүртгэнэ.
14.Шүүхийн шийдвэрээр газрын эрхийг түтгэлзүүлэх, сэргээх
14.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллагаас шүүхийн шийдвэрээр газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай хүсэлтийг дундын мэдээллийн сангаар дамжуулан илгээнэ.
14.2. Хүсэлтэд шүүхийн шийдвэрийг хавсаргасан байна.
14.3. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт, бичгийг бүрэн гүйцэт эсэхийг нягталж, шалган, шаардлага хангасан тохиолдолд хүсэлтийг Газрын кадастрын мэдээллийн санд өргөдлийн бүртгэлийг үүсгэж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулна
14.4. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал шүүхийн шийдвэр биелүүлсэн тухай мэдээллийг дундын мэдээллийн сангаар дамжуулан хүргүүлнэ.
14.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дундын мэдээллийн санд хандан шүүхийн шийдвэр биелэлтийн хэрэгжилтийг хянана.
15.Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх
15.1.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын дамал гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэнэ.
15.2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэхүү журмын Error! Reference source not found., Error! Reference source not found., Error! Reference source not found.-д заасан хүсэлтийг гаргасан тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны өмнө гэрээг дүгнэсэн байна.
15.3.Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд дараах байдлаар нягталж шалгана. Үүнд:
15.3.1. Эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулсан талбайгаар хашаа барьсан эсэхийг тогтоох;
15.3.2. Газрыг гэрээнд заасан газар ашиглалтын зориулалтын дагуу эзэмшиж/ ашиглаж буй эсэх;
15.3.3. Газрын төлбөрөө төлсөн эсэх;
15.3.4. Нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөтэй байлгаж буй эсэх;
15.3.5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй эсэх;
15.3.6. Өөрийн эзэмшлийн газар 10 хувь болон орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг хамгаалж, тохижилт хийсэн эсэх;
15.4.Энэхүү журмын 15.3.1-т заасан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд үйлдвэр болон уурхайн зориулалтаар олгогдсон газарт мэргэжлийн байгууллагаар хэмжилт, зураглал, тодруулалтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.
15.5.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал энэхүү журмын 13 дугаар хавсралтаар батлагдсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт"-ын дагуу дүгнэнэ.
15.6.Гэрээний үүргийн биелэлтээр хоёр удаа "Биелүүлээгүй" гэж дүгнэгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
16.Хариу өгөх мэдэгдэл
16.1. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэлтэй өргөдлийг шийдвэрлэх боломжгүй тогтоогдсон тохиолдолд энэхүү журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу “Хариу өгөх мэдэгдэл”-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
16.2. “Хариу өгөх мэдэгдэл”-д тухайн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй болсон шалтгаан, нөхцлийг тодорхой бичсэн байна.
16.3. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны даргаар “Хариу өгөх мэдэгдэл”-ийг хянуулсан байна.
17.Хориглох зүйлс, хүлээлгэх хариуцлага
17.1. Нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж буй баримт, материалд дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно.
17.2. Хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно.
17.3. Газар эзэмших, ашиглах эрх олгох, дуусгавар болгох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн энэ журамд заасан үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.
17.4. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү