“ОЙ 9+” ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ II ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Ойн салбарын үндэсний II чуулган” зохион байгуулагдлаа. 

Ойн үндэсний II чуулганы зорилго нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ойн тогтвортой менежментийг  хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 2030 он гэхэд 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршино.

Чуулганаар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, “Олон улсын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэлүүд тавигдаж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлгүүд явагдлаа.  

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулсан бөгөөд үндэсний чуулганд холбогдох төрийн байгууллагууд, ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 850 орчим төлөөлөгч оролцлоо.