ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас байгууллагын нийт албан хаагчдын дунд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалт, дадлага, таниулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгууллаа.
Тодруулбал, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, газар хөдлөлтийн тухай үндсэн ойлголт, түүхэнд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтүүд, гамшгаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ, байгууллагын болон өрхийн бэлэн байдлын төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээллийг олголоо.
Мөн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын хэмжээнд “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” дадлага, сургуулилалтыг зохион байгуулж, албан хаагчдад болзошгүй эрсдэлээс хамгаалах, гамшгийн үед зөв үйлдэл хийх анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд ажилтан, албан хаагчдын гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлж, байгууллагын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил боллоо.