ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ТОДРУУЛАЛТЫН АЖИЛД БАРИМТЛАХ ДҮРЭМ БАТЛАГДЛАА

“Газар зүйн нэрийг тогтоох, тодотгох, солбицолжуулах, баталгаажуулах, газар зүйн нэрийн зураг зохиох дүрэм”-ийг ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/333 дугаар тушаалаар баталлаа.
Энэхүү дүрмийг аймаг, сум, нийслэл, дүүрэгт хийж буй Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг гүйцэтгэхэд баримтлана.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоолоор Газар нутгийн нэрийн байнгын комиссийг Улсын геодези, зураг зүйн газрын дэргэд байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах 240 гаруй мянган газар зүйн нэрийг 1980-1985 оны хооронд 1:100000-ны масштабтай байр зүйн зураг дээр тодруулан тогтоож, улмаар Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор 214805 газар зүйн нэрийг баталсан юм. Уг тогтоолын 2 дахь заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.
2019-2024 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг 17 аймгийн 120 сум, нийслэлийн 5 дүүрэгт хийж байна.