НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 13 ДУГААР НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн ээлжит 13 дугаар нэгдсэн чуулган энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байгаа билээ.
Ээлжит нэгдсэн чуулганы сүүлийн өдрүүдэд Ажлын хэсгүүдийн болон Удирдах зөвлөлийн хурал болов. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Геодезийн нэгдсэн тогтолцоо (I), Газрын кадастр, газрын удирдлага (II), Орон зайн ба статистикийн мэдээлэл (III), Нэгдсэн орон зайн мэдээлэл (IV) гэсэн Ажлын хэсгүүдийн гишүүний хувьд Газрын кадастр, газрын удирдлагын ажлын хэсгийн хуралд оролцлоо.
Мөн тус газрын дарга А.Энхманлай нь Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд дээрх хуралдаанууд дээр Монгол улсын хэмжээнд орон өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлж буй ажлын үр дүн, тулгамдаж асуудлыг танилцуулан, Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр 2025 онд Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн удирдлагыг бий болгох талаар санал өгч батлуулсан юм. Түүнчлэн, удирдах зөвлөлөөс бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг баталлаа.
Энэ удаагийн чуулганд Европ, Араб, Африкийн бүсийн удирдлагууд уригдан ирж оролцож өөрсдийн бүс нутгийн хэмжээнд орон зайн өгөдлийн дэд бүтцийг байгуулах ажлын ололт амжилт, тулгамдсан асуудал болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага, мэдээллээ солилцсон явдал нь дэлхий нийтээрээ орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар Тортвортой хөгжлийн зорилтуудыг хангахад түлхэц болов гэж дүгнэсэн болно.
Удирдах зөвлөлийн хурлын эцэст Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн 14 дэх удаагийн нэгдсэн чуулганыг зохион байгуулах орноор Бүгд Найрамдах Солонгос сонгогдож, туг хүлээн авснаар энэ удаагийн 13 дугаар нэгдсэн чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү