НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн ээлжит 13 дугаар нэгдсэн чуулган 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн ээлжит нэгдсэн чуулган НҮБ-ын дэргэдэх Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /ESCAP/-ын дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинжлэх ухаан, технологийн яам болон Хэмжилт, зураглалын агентлагын оролцоотойгоор "Дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө гео-орон зайн өгөгдлийн эдийн засаг" сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
БНЭУ, Австрали, Индонези, Япон, БНСУ, Сингапур, БНХАУ тэргүүтэй Ази-Номхон далайн бүсийн нийт 56 орон оролцож байгаа энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар оролцож байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн хороо /UN GGIM/ болон Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн жинхэнэ гишүүн бөгөөд тус газрын дарга А.Энхманлай нь Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.
Дээрх нэгдсэн чуулганы үеэр гишүүн улс орнууд Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах талаар өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож, харилцан суралцах боломжийг олгодог бөгөөд улс орнууд тус бүрийн Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах үйл ажиллагаандаа Нэгдсэн Үндэстний байгууллагын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежмент /UN GGIM/-ээс гаргасан зөвлөмжийн дагуу хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэгдсэн ойлголтод хүрэх ач холбогдолтой билээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь НҮБ болон түүний дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн хороо /UN GGIM/-ны зөвлөмж, Дэлийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг хариуцан, хэрэгжүүлж байна. Тухайлбал, тус байгууллагаас Монгол Улсад Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах стратеги болон арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажилладаг болно.
Мөн Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байгаа билээ. Анхдагч хуулийн төслийг 2025 онд багтаан УИХ-д өргөн барьж, батлуулахаар зорьж байна.
Монгол Улсад Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахтай холбоотой томоохон ажлууд "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтуудад туссан байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь МУ-ын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтан үйл ажиллагаа явуулж эхэлснээр дээрх урт хугацааны бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөр болон холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа билээ. Манай улсын орон зайн өгөгдөл, мэдээллийн асуудал хариуцсан байгууллагын уг бүтэц, зохион байгуулалт нь энэ удаагийн хуралд оролцож буй улс орнуудын дунд сайн туршлага болж байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежмент /UN GGIM/-ээс баталсан Дэлхийн суурь орон зайн өгөгдлийн бүтцэд хамаарах 14 өгөгдлийн бүтцээс манай улсын хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 70 орчим хувийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн дээрх орон зайн өгөгдөл мэдээллийг бусад хэрэглэгчдэд шинэчлэн хөгжүүлж 2 дугаар хувилбарт шилжүүлсэн Геопортал /www.nsdi.gov.mn/ системээр дамжуулан түгээх боломжийг нэвтрүүлсэн билээ.
Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн ээлжит 13 дугаар нэгдсэн чуулган нь Удирдах зөвлөлийн болон 4 Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжилж юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү