ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАЖ, АНХНЫ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэргэд ажиллуулахаар тус Газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/211 дугаар тушаалаар байгууллаа.

         Нэрийн зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Архивын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Шинжлэх ухааны академийн Хэл, зохиол, Газарзүй-Геоэкологи, Түүх, археологийн хүрээлэн, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, “Бүсчилсэн хөгжил” ТББ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар зэрэг байгууллагын төлөөлөл багтсан 21 хүний бүрэлдэхүүнтэй юм.

         “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн анхны хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, газар зүйн нэрийн талаар НҮБ-ээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль, эрх зүйн баримт бичигт тусгагдсан байдлыг танилцуулж, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

         Зөвлөл нь УИХ-аар батлуулах гэж буй шинээр өгөх, өөрчлөх газар зүйн нэр, мөн Засгийн газрын чиг үүрэгт багтаж буй олон улсын байгууллагатай солилцох газар зүйн нэрийг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй юм. Мөн Улсын Их Хурлаар батлагдсан албан ёсны газар зүйн нэрийг мөрдүүлэх, зөв бичиж хэвшүүлэх, хөрвүүлэх, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг сэргээх, хамгаалахад хяналт тавина.

 Нэрийн зөвлөл жилд 4-өөс доошгүй удаа хуралдаж орон нутгаас шинээр өгөх, өөрчлөхөөр ирүүлсэн нэр бүрийг бүрийг хэл зүй, түүх, соёл, хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж зэрэг олон талаас нь судалж хэлэлцэнэ.

Газар зүйн нэрийн зөвлөлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга ахалж ажиллах болно.

Газар зүйн нэр нь тухайн улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын (биет бус) өвийн онцгой нэгэн төрөл зүйл учир түүнийг хадгалан хамгаалах, үнэн зөв бичиж, ном товхимол, хэвлэл мэдээлэл, газрын зураг хэрэглэх, гадаад хэлэнд галиглах, бусад улс үндэстнүүдтэй газар зүйн нэрийг солилцох зэрэг асуудал нь төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудлуудын нэг юм. Үүгээр ч зогсохгүй газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүйн түүх, соёл, эдийн засаг, хүн амын суурьшил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг байна.

        “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын Геодези, зураг зүйн /хуучнаар/ газарт даалгасан байна.

        Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн  хээрийн судалгаа явуулан уул, нуруу, хөндий, гол, худаг, булаг зэрэг газар зүйн 242388 нэрийг тодотгон тогтоожээ.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т “УИХ-аар газар зүйн нэрийг батална” гэж заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулан, МУИС-ийн Нэр судлалын төвтэй хамтран 2004 онд газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон.

        Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхэн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон тул анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай” тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосноос гадна Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсан юм.

1959 онд НҮБ-ын Эдийн, засаг нийгмийн зөвлөлийн дэргэд “Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг”-ийг байгуулсан бөгөөд 1967 онд Женев хотноо болсон тус бүлгийн анхдугаар чуулганаас түүхэн уламжлалт газар зүйн нэрийг тодруулан тогтоох, хадгалж, хамгаалах, албан ёсоор хэрэглэх, стандартчилахад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж, улс үндэстэн бүр газар зүйн нэрийн үндэсний байнгын хороо, зөвлөлийг Засгийн газрынхаа дэргэд байгуулах, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага нь газар зүйн нэрийн асуудлыг хариуцан ажиллахыг зөвлөмж болгожээ.