ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Удирдлагын баг юуны өмнө Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамтай уулзаж, харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай агентлагын зүгээс хийж байгаа ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ Говьсүмбэр аймагт газрын харилцаа, барилга, хот байгуулалтын үйл ажиллагааны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож, тус аймгийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын 15 тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй газар ашиглах гэрээ байгуулж, газрын төлбөр ногдуулах, газрын доройтолд орж байгаа зарим газар нутгийг холбогдох сумын Засаг дарга нартай хамтран малын хөлөөс чөлөөлөх, аймгийн ГХБХБГ-ын байрны асуудал, ялангуяа архивын өрөөний хангамж дутагдалтай, шаардлага хангахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх асуудал дээр анхаарч ажиллахаар боллоо.
Мөн аймгийн ГХБХБГ болон сумын газрын даамал нартай уулзалт зохион байгуулж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” А/83 дугаар тушаалаар батлагдсан Архив, мэдээллийн төвийн дарга Н.Адилбишээр ахлуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд Төрийн албаны болон Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлтийн байдал, геодези, зураг зүйн үйл ажиллагаа, Газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, мониторинг, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн ашиглалтад хяналт тавих, газрын кадастрын мэдээллийн сангийн хөтлөлт, хот байгуулалтын мэдээллийн системийн үйл ажиллагаанд хийсэн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний үр дүнгийн талаар болон газрын харилцааны хууль, тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Говьсүмбэр аймаг нь аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цахимаар явуулж байгаа хэвшсэн байна. Гэвч зарим тохиолдолд газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа амжилтгүй болох тохиолдол гарч байгаа тул дуудлага худалдааны ялагч татгалзсан тохиолдолд дараагийн хүнд газар эзэмших эрхийг авч болох тухай асуудлыг тухайн иргэн, хуулийн этгээдэд санал болгон шийдвэрлэдэг байх, мөн дуудлага худалдаанд 1 оролцогч бүртгүүлсэн тохиолдолд дуудлага худалдааны анхны үнээр газар эзэмших эрхийг олгодог байх зэрэг Газрын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг гаргаж байлаа.
Түүнчлэн Шивээ говь сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд газар ашиглах гэрээ байгуулж, кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас болон тус сумын төв бүхэлдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд орсны улмаас газар өмчлөх эрх авсан иргэдийн газар өмчлөх эрх зөрчигдөж байгаа, газрын маргаантай асуудлыг газар дээр нь очиж танилцлаа. Тухайлбал, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Шивээговь сумын нутаг дэвсгэрт нийт 2087 иргэнд 228.31 га газрыг өмчлүүлсэн байна.
Уулзалтын эцэст Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан тус салбарт мэргэжлийн ур чадвар, идэвх санаачлага гарган албан үүргээ гүйцэтгэж байгаа Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Отгончимэгийг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мишээл, Баянтал сумын газрын даамал Ц.Загарсүрэн нарыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагналаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү