ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.17) нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцууллаа.
Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг онцлог салбар юм. Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсан бөгөөд үүнээс хойших хугацаанд бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон нь тус хуульд 7 давхадал, 29 зөрчил, 25 хийдэл үүсгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актад газрын талаарх зохицуулалтыг бий болгон, эдгээр нь зэрэгцэн үйлчилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэн хэрэглэгч болох, төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл системчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Нөгөөтээгүүр, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцаа 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал шийдэгдэх юм.
Газрын харилцаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой суурь асуудал гэдэг утгаараа газрын талаар нэгдмэл, тогтвортой бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай байх зохицуулалтыг багтаасан Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг, 110 зүйлтэй боловсруулсан.
Хуулийн төсөлд, газрын харилцаанд Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах, газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх зэрэг үндсэн зарчмуудыг бүх түвшинд баримталж ажиллахаар тусгасан болно.
Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн 3 эрхийн төрлийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал болон олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн өөрчлөн томьёолж, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн өмч, цаашид төрийн өмчийн газар байх бөгөөд төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хугацаа, хязгаарлалт, нөхцөл, шаардлагыг тусгайлан зааж өгсөн байна.
Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийн дэс дараалсан үйл ажиллагааг тодорхой болгож, газрын мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь хуулийн төслийн онцлог юм. Түүнчлэн газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, тэдгээрт тавигдах шалгуур үзүүлэлт, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгож хуульчлахын зэрэгцээ Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон газрын харилцааны талаарх эрх, үүргийг зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлсон юм.
Хуулийн төсөлд газрын хязгаарлагдмал эрх олгох болон газрыг гэрээгээр ашиглуулахдаа иргэний хүсэлтээр, дуудлага худалдааны анхны үнээр, төсөл сонгон шалгаруулалтаар, дуудлага худалдааны аргыг хэрэглэхээр заасан бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг газрын биржээр дамжуулж зохион байгуулахаар холбогдох зохицуулалтыг тусгажээ. Цахим үйл ажиллагаатай газрын биржийг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага удирдан зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлийн түвшинд салбар нэгжүүд эрхлэн явуулах болно. Уг биржийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталдаг байхаар төсөлд тусгасан. Хот, тосгон, бусад суурин газрын нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалтын зохицуулалт тодорхойгүйгээс үүдэн нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмших, ашиглах зөрчил даамжирч улмаар эзэнгүйдэх асуудал гарч байгаа тул нийтийн эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалтын талаарх зүйл, заалтыг илүү нарийвчлан тусгаж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Улсын хэмжээнд газрын төлөв байдлын чанарт мониторинг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх замаар доройтсон газрыг сайжруулах, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд өгч хэрэгжүүлдэг байх тогтолцоог хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан.
Хүн, хуулийн этгээдээс газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрх, дундын мэдлийн газрыг гэрээгээр ашиглуулах, газар чөлөөлөхтэй холбоотой гаргасан гомдлыг цаг хугацаа алдалгүй хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг холбогдох байгууллагын төлөөлөлтэйгөөр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулан ажиллуулахаар хуулийн төсөл боловсруулсан. Хуулиар хориглосон, хязгаарласан заалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай зүйл, заалт нэмж газрын чанарыг доройтуулах, хохирол учруулах, нөхөн сэргээхгүй байгаа зэрэг зөрчилд хяналт, шалгалт хийх эрхтэй этгээд, түүний бүрэн эрхийг тодорхой болгож, улмаар хөндлөнгийн хяналтыг бодитоор хийх боломжийг тусган, хяналт шалгалт болон мониторингийн үр дүнд хэрэглэх албадлага, хариуцлагыг тодорхойлон, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрыг өмчлөлийн хэлбэр, зориулалтаас шалтгаалан бусад төрлийн нийтийн эд зүйлсээс ялгаатай авч үзэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөх, газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэх, газрыг улсын болон тусгай хэрэгцээнд авах зориулалт, тавигдах шалгуур, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах, иргэнд газар өмчлүүлэх, нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарт мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, төрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар газарт тулгуурласан эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж, газрын асуудал төлөвлөлтөөсөө эхлээд газар олголт, бүртгэл, ашиглалт, үнэ, татвар, төлбөр, хяналт, хамгаалалт хүртэлх бүх үе шат нээлттэй, ил тод болгохоор төслийг боловсруулсан.
Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Г.Ганболд, Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Ж.Батсуурь нараас асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх хэлэлцүүлгийг холбогдох хуулийн дагуу хойшлуулж, дараа дахин үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү