ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.01) нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хэлэлцэн Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар 2022 оны 11 сарын 17, 25-ны өдрүүдэд хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы дэгийн дагуу Монгол ардын нам болон Ардчилсан намын бүлгийн зүгээс завсарлага аваад байсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар намын бүлгийн байр суурийг танилцууллаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл нар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын хуульд сүүлийн 20 жилийн хугацаанд жижиг өөрчлөлтүүд хийсээр ойлгомжгүй тодорхойгүй байдал бий болсон тул Газрын багц хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай талаар, хуулийн төслийг иргэдэд ээлтэй байдлаар боловсруулах болон багц хуулийн төслүүдийг бүх байнгын хороодоор хэлэлцүүлэх шаардагатай тухай саналаа хэллээ.
Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсан бөгөөд үүнээс хойшхи хугацаанд бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон нь тус хуульд 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актад газрын талаарх зохицуулалтыг бий болгон, эдгээр нь зэрэгцэн үйлчилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэн хэрэглэгч болох төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл системчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Мөн түүнчлэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцаа 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал шийдэгдэх юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү