ГЗБХ-ийн дарга Ц.Ихбаяраас "Газрын тухай багц" хуулийн талаар торууллаа
ИХ-аар “Газрын тухай багц хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа билээ. Гэвч эл хуулийн төслийн зарим заалт маргаан дагуулж эхлээд байна. Тодруулбал, АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Харин зарим УИХ-ын гишүүд "Бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авахыг болиулсан заалт нь ноцтой, гаднын иргэд зах замбараагүй газар эзэмшиж, малчдад төвөгтэй нөхцөл байдал үүсэх нь" гэхчлэн шүүмжлэлүүдийг хэлээд байгаа юм.
ГЗБХ-ийн дарга Ц.Ихбаяраас дээрх асуудлуудын хүрээнд торууллаа.
-Шинэчилсэн хуулийн төслөөр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалтууд нь хэвээр-
-"Газрын тухай багц" хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.АН-ын бүлэг хүртэл тав хоногийн завсарлага авч, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаа мэдэгдсэн. Гэтэл зарим батлагдчихсан мэтээр иргэдэд ойлголт өгч, эсэргүүцээд эхэлчихэж?
-"Газрын тухай багц хууль"-ийг батлаагүй байгаа. Хэлэлцүүлгийн үе шатанд яваа. Хэлэлцэх эсэхийг УИХ-аас хэлэлцэж шийдвэрлэсний дараа холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдээд явна. Одоо УИХ-ын Тамгын газрын D parliament болон сайтаар нь дамжуулан иргэдийн санал авч байгаа. Цаашид цахимаар болон танхимаар олон талын төлөөллийг оролцуулсан, өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулагдаад явах байх.
-"Газрын тухай багц хууль"-ийг зарим УИХ-ын гишүүд "маш чухал хуульд хэрэгтэй заалтууд орж ирсэн" хэмээж байгаа бол зарим нь "хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэдэд маш төвөгтэй нөхцөл үүсэхээр байна" гэж шүүмжилж байна л даа?
-Хөдөө орон нутгийн удирдлагууд газраа "орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад уул уурхайн үйл ажиллагаанаас сэргийлдэг байсан заалтыг авч хаясан" гэдэг шүүмжлэл гарсан байдаг. Үүн дээр дэлгэрэнгүй тайлбар өгье. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Газрын тухай хууль"-аар газрыг "тусгай хамгаалалт, бичил уурхай, аймаг дундын отрын бэлчээр, тэжээлийн сангийн хадлангийн талбай" гэсэн дөрвөн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа. Харин шинэчилсэн хуулийн төслөөр "бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах"-аас бусад заалт нь хэвээр байгаа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газраа тусгай хэрэгцээнд авах эрх нь нээлттэй. Түүнээс биш газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зохицуулалтыг хассан зүйл байхгүй.
-"Бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авахыг болиулсан" заалт нь ноцтой гэгдэж байгаа?
-Нийт газар нутгийн 70 хувийг бэлчээр эзэлдэг. Газрыг орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд ихэнхдээ бэлчээрээсээ авдаг. Тэгэхээр бэлчээрээсээ тусгай хэрэгцээнд авах эсэх нь тухайн орон нутгийн эрх мэдэлд нээлттэй хэвээр байхаар тусгасан. Гагцхүү энэ нь судалгаатай, төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Төлөвлөлтийг нь ИТХ нь хэлэлцэж батлаад тухайн төлөвлөлтийнхөө дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхтэй болох юм. Тэгэхээр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал огт хасагдаагүй. Харин ч илүү тодорхой болж орж ирж байгаа.
-Орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах нь хориотой хэвээр байна-
-Үүнийг "сум дундын отрын бүс болон хадлангийн зориулалтаар" гэсэн халхавч оруулж хуурч байна гэдэг нь үндэслэлгүй байх нь, тийм үү?
-Отрын бүс, тэжээлийн сангийн хадлангийн талбай гэсэн хоёр заалт одоо ч бий. Дээрээс нь тусгай хамгаалалтай газар гэсэн заалт бий. Энэ төрөл шинэ хуулийн төсөлд орж ирэхдээ "түүх соёлын дурсгалт газар болон, ан амьтан, ургамал, ой, усны нөөцийг хамгаалах газар" гэх шинэ нэршлээр орж ирж байгаа. Үүнийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэж ойлгож болно. Ан амьтан, ургамлаа хамгаалах үүднээс орон нутаг өөрсдөө тусгай хэрэгцээнд авч болно. Нэршлийн хувьд өөрчлөгдсөнийг нь буруугаар ойлгоод байх шиг байна.
-Төрийн захиргааны байгууллагууд газар нутгаа уул уурхайгаас хамгаалдаг ганц арга нь тусгай хэрэгцээнд авах гэдэг ойлголт. Гэтэл үүнийг нь байхгүй болгочихлоо гэх гомдол. Харин таны ярианаас орон нутаг өөрсдөө мэдэж тусгай хэрэгцээнд авдаг болж байгаа нь иргэдэд эрх мэдэл нь илүү ойртож байгаа гэх ойлголт төрж байна?
-Тийм. "Ашигт малтмалын тухай хууль"-д орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон байдаг. Энэ хуулийн заалтын үйлчлэл одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэнчлэн "орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудад ашигт малтмалын тусгай зориулалт олгох үйлдэл хориотой" байх нь. Одоо 34 саяга газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан байгаа. Хэрэв "Газрын тухай багц хууль" батлагдчихвал энэ газруудад дээр нэмээд цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, сум дундын отрын бүс, хадлангийн талбай, түүх соёлын дурсгалт газар, ой усны нөөцийг хамгаалах зориулалтуудаар газраа орон нутгийн тусгай хэрэгцээндээ авч уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас сэргийлэх боломж нь хөндөгдөөгүй хэвээр байгаа.
-Уул уурхайтай холбоотой заалтуудыг яаж тусгаж өгсөн бэ?
-Уул уурхайтай холбоотой нарийвчилсан заалтыг "Газрын тухай хууль"-д шинээр оруулж ирж байна. Уул уурхайтай холбоотой ямар эрх олгох юм, түүнийг яаж төлөвлөх, төлбөр тооцоо нь хэрхэх зэрэг бүх орхигдсон асуудал үүнд багтсан. Уул уурхайн чиглэлээр газрыг захиран зарцуулах эрхгүйгээр гэрээгээр ашиглуулахаар тусгасан. Ингэхдээ тухайн газрыг Улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусган ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг байх, Улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийт, орон нутгийн саналыг нээлттэй авч, Засгийн газраар батлуулдаг байх зохицуулалтыг тусгасан.
Мөн одоогийн хууль эрх зүйн орчноор бидний хэлж заншсан урт нэртэй хууль болон ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн ашиглалт, хайгуул явуулахыг хориглох газрыг тогтоосон байдаг. Газрын ерөнхий хуулийн төслөөр дээрх хориглосон зохицууулалт дээр нэмэлтээр иргэдийн газар өмчилж, эзэмшин аж төрж байгаа хот суурины газар, хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон үржил шимтэй тариалангийн газрууд болон улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудад ашигт малмалын ашиглалт, хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглох заалтыг нэмж өгч байгаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү