ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд “Газрын харилцаа, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хотуудын зэрэглэлийг тогтоох” зэрэг ажлууд тусгагдсан.
Мөн “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоолд “Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр заасны дагуу Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас:
1. Газрын ерөнхий хуулийн
2. Газрын төлбөрийн
3. Кадастрын
4. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай
5. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг эргүүлэн авах тухай гэсэн 5 хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд цахимаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлэгт 6 яамны төлөөлөл бүхий 66 албан тушаалтан оролцож, хуулийн төсөлд туссан асуудлаар өөрийн салбартай холбоотой асуулт асууж, санал солилцон, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн идэвхитэй оролцсон.
Өнөөдөр буюу 2021 оны 04 сарын 29-ний өдөр цахимаар үдээс өмнө буюу 10-13 цагийн хооронд Газрын багц хуулийн төслийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох 53 албан тушаалтнуудаар хэлэлцүүллээ. 14 цагаас Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох 49 албан тушаалтнуудаар хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төслийн агуулга, зарчмын өөрчлөлт, эрхийн төрлүүд, эрхийн баталгаажуулалт, газрын нэгдмэл сангийн удирдлага, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн уялдаа, зохицуулалтын талаар танилцуулга хийгдэж, оролцогчид асуулт асууж, санал солилцон хуулийн төслийг дэмжлээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү