ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭНИЙ 300 ЦЭГТ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Тус газраас Газрын мониторингийн сүлжээний цэгт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг хийж, шаардлагатай мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн санг баяжуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд суурь мэдээлэл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2024 онд “Газрын мониторингийн сүлжээний 300 цэгт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх” зөвлөх үйлчилгээний ажлыг “Ланрес” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд Дорноговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн төвийн болон бусад сумдын хот, тосгон, бусад суурины ангилалын газар дахь 321 цэгээс хөрсний дээж авч хөрсөн дэх хүнд металлын агууламж, агрохимийн шинжилгээ, эрүүл ахуйн биологийн шинжилгээг хийж, цэг тус бүр дээр хувийн хэрэг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг гаргалаа.
Энэхүү ажлын хүрээнд нийт 82,483.9 га талбай дээр сансрын зураг болон газрын бодит хэмжилт хийн гадны нөлөөгөөр үүсэж бий болсон хөрсний зулгаралт, бохирдолт, салхины элэгдэл, усны эвдрэл, элсжилт, гуу жалга, ухсан нүх, овоолго, ургамлан нөмрөгийн доройтлын хэмжээг тогтооход 1,026.7 га талбай доройтолтой байгааг тодорхойлж, газар сайжруулах, нөхөн сэргээх зөвлөмжийг боловсруулан, холбогдох аймгуудад хүргүүлээд байна.