“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТӨРИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хэлэлцээрт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон холбогдох албаны хүмүүс, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (KOICA)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэн Лан (Jo Haeng Lan), орлогч дарга Сө Хён Жэ (Seo Hyun Jae) нар оролцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпораци хооронд “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь өнөөдөрөөс хэрэгжиж эхэлж буй төслийн чухал эхлэл болсон юм.

Тус төсөл нь Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хаягийн мэдээлэлд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын сонгогдсон бүсэд дрон технологи ашиглан газар ашиглалтын мэдээллийн санг хөгжүүлэх, навигацийн системийн мэдээллийг боловсруулах, хаягийн мэдээллийн удирдлагын системийг шинэчлэх, иргэдэд зориулсан цахим үйлчилгээний шийдлүүдийг хөгжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжинэ.



Мөн цахим системүүдийн өгөгдөл хадгалах сервер, дрон, GNSS хүлээн авагч, иж бүрэн тоноглогдсон автомашин зэрэг орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна албан хаагчдыг чадавхжуулах сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл нь 2026-2029 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн нийт 8 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжинэ. Талуудын энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэхээс гадна такси, нийтийн тээвэр, худалдаа, хүргэлтийн үйлчилгээг орчин үеийн инноваци, технологийн дэвшлийг ашиглан хаяг, замчлалын системээр дэмжих боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү