ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулах хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2024.05.10/ зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Засгийн газраас гарсан холбогдох шийдвэрүүд, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн ач холбогдол, “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах, бүртгэхэд анхаарах асуудлын талаар танилцууллаа. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалтын хэлтсээс цаг үеийн болон цаашид авах арга хэмжээний талаар холбогдох мэдээлэл өгөв. Сургалтад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн зөвшөөрөлтэй 11 байгууллагын 16 албан хаагч хамрагдлаа.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хот төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд боловсруулсан Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон бусад хот байгуулалтын баримт бичгийг цахим системд бүртгэхэд түлхэц болох юм. Цахим системд хот байгуулалтын баримт бичгийг бүртгэснээр цаашид хот, суурин газрыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх, баримт бичгийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг цахим системээр дамжуулан үр дүнтэй эрхлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү