ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДАРААХ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн байгууллага, зураг төслийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулсан Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгийг /2023.02.06/ “Их засаг” танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг хуулийн төсөлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, эрх зүйн орчин болон тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдгээрийн шийдлийг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд хэлэлцүүлэгт 28 хүн оролцож, үүнээс 9 хүн санал асуулт дэвшүүлж , 12 хүн цаасан санал ирүүлж нийт давхцсан тоогоор 37 санал гаргасан нь 19 багц асуудлын хүрээг хамарч байна.
Эдгээр саналыг тоймлон нэгдсэн хуралдаанд таницлуулж байна. Үүнд:
1. Хот байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлийг нэгтгэж, нэр томьёог олон улсын жишгийн дагуу тусгах;
2. Хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж, газар олгодог байх зохиуцуулалтыг Хот байгуулалтын тухай хууль, Газрын ерөнхий хуулийн төслүүдэд тусгах;
3. Хот байгуулалтын тухай хуулийг ерөнхий хууль болгож, бусад хуулийг түүнтэй уялдуулан боловсруулж, батлуулах;
4. Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөө болгон боловсруулан, хэрэгжүүлдэг болох;
5. Хот суурины ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй харилцан уялдаатай боловсруулж, эрэмбэ дарааллын дагуу хэрэгжүүлдэг болгох;
6. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын ажлын байрыг төрийн албаны тухай хуулийн дагуу албан ёсоор тогтоож ажиллуулах, Улсын ерөнхий архитектортой болгох;
7. Хот байгуулалтын тухай хуулийн нэрийг Бүс нутаг, хот төлөвлөлтийн тухай хууль гэж өөрчлөн нэрлэх боломжийг судлах;
8. Хот сууриныг тохижуулах ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичгийн төрөлд оруулж тусгах талаар анхаарч үзэх;
9. Хот байгуулалтын салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих;
10. Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд Эрдэмтэн судлаачдыг оруулах шаардлагатай бгөөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг хатуу тогтоож, нэр заан хуульчлах шаардлагагүй талаар;
11. Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг хуульд тодорхой тусган оруулах;
12. Төлөвлөлтийн дагуу газар олгох;
13. Хот байгуулалтын үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх асуудлыг Төсвийн тухай хуульд тусган оруулах;
14. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төлөвлөлтийн арга зүй, аргачлалын дүрэм журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах;
15. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах зургийн даалгаврыг сайжруулах;
16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбогдуулан хүртээмжийн талаарх нэр томьёог хуульд тусгах;
17. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Бүс нутаг, хот төлөвлөлтийн хүрээлэн байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасаныг дэмжих;
18. Монголын нүүдлийн соёл иргэншил, уламжлалттай холбоотой төлөвлөлтийн асуудлыг Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлагад тусгах;
19. Хуулийн төслийн 45.5 д заасан мэргэжилтний мэргэшлийн зэрэг хүчингүй болсон тохиолдолд 3 жилийн хугацаанд сургалтанд хамрагдахыг хориглосон заалтыг хасах зэрэг асуудлаар тодорхой саналыг гаргасан болно.
Иймд д саналуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналуудыг өглөө.