“ХОВД АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТУСГАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТУС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймаг, сумдын удирдлага, албан хаагч нарт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, түүнд дасан зохицох арга хэмжээ болон газрын харилцааны хууль, журмын өөрчлөлт, шинэчлэн батлагдсан аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний аргачлал, мөн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтын үр дүн, явцын мэдээллийг өгч төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусган үе шаттайгаар хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ховд аймагт тус хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ГЗБГЗЗЕГ, АДАПТ төсөл, Газар дэлхий ХХК, Ховд аймгийн удирдлагууд, 17 сумдын Засаг дарга, газрын даамал, байгаль орчны байцаагч зэрэг нийт 100 гаруй оролцогч хамрагдаж байна.
Уг хэлэлцүүлэгт газрын харилцааны бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний аргачлал” чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч байна.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Үүнд:
1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох, биологийн олон янз байдлын хамгааллын арга хэмжээг тусгах, хэрэгжүүлэх;
2. Орон нутгийн шинээр томилогдсон албан тушаалтнууд, шийдвэр гаргагчид газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох арга хэмжээ, биологийн олон янз байдлын хамгааллын арга хэмжээг төлөвлөхийн ач холбогдлын талаар тодорхой мэдээлэлтэй болж, төлөвлөгөө боловсруулах явцад талуудын оролцоог хангаж, санал авах зэргээр оролцогч талуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх;
3. Бодлогын бүс, таталцал нөлөөлөл, кластерын зарчмаар хөгжлийн чиг хандлагыг бүсийн хэмжээнд тодорхойлж, тогтвортой хөгжих хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөх;
4. Салбаруудыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийг боловсруулж, салбар хоорондын уялдааг хангаж, тус аймгийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлох;
5. Газрын тухай хууль тогтоомжид шинээр орсон өөрчлөлтүүд, тэдгээрийн орон нутаг дахь хэрэгжилтийг хангах.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү