ДЭЛХИЙН ГЕОДЕЗИЙН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ОЛОН ТАЛТ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА



Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий чуулган /ассемблей/-аас баталсан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 69/266 дугаар тогтоолын дагуу НҮБ-ын Дэлхийн геодезийн тэргүүн туршлага хуваалцах төв болон гишүүн улсын төрийн, эрдэм шинжилгээний, төрийн бус байгууллагууд, олон улсын байгуулага, хувийн компани зэрэг 36 байгууллага хооронд Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээг бэхжүүлэх тухай олон талт санамж бичиг байгууллаа. Энэхүү хуралд ГЗБГЗЗЕГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг оролцож байна.
НҮБ-ын Дэлхийн геодезийн тэргүүн туршлага хуваалцах төвийн захирал Николас Браун тус төвийн 2025 оны төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүллээ. 2025 онд 5 тивийн гишүүн улсуудын геодезийн чадавхийг хөгжүүлэх семинар зохион байгуулахаар төлөвлөснөөс гадна “Дэлхийн геодезийн хангамжийн бат бөх сүлжээ”-ний заавар боловсруулах, “Газар болон далайг холбох” заавар боловсруулах, "Дэлхийн геодезийн засаглал"-ын хувилбарт төлөвлөгөө боловсруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээг өөрийн улсдаа хэрхэн байгуулсан талаар Австрали, ХБНГУ, АНУ-ын төлөөлөгчид танилцуулсан бол НҮБ-ын Сансар судлалын алба, АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг, Европын сансрын агентлаг, Олон улсын геодезийн холбоо зэрэг байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, геодезийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар саналаа танилцуулав.
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах энэхүү хуралд уригдан ирсэн дэлхийн 43 орны геодезийн салбарын 52 төлөөлөгч Дэлхийн геодезийн хөгжлийн анхдугаар төлөвлөгөөг хамтран боловсруулж дэлхийн бүх улс орнуудад геодезийн үндэсний хороо болон ажлын хэсэг байгуулан энэхүү төлөвлөгөөг өөрийн улсын нөхцөлд тохируулан боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү