ИСЛАНД УЛСЫН “ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗАХИРАЛ, ХАТАГТАЙ ШӨФ ВИЛХЕЛМСДОТТИРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА





Энэ хөтөлбөр нь газар нутаг, экосистемийн менежмент, нөхөн сэргээлттэй холбоотой дэлхийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор бага, дунд орлоготой улс орнуудад мэдлэгийг бий болгож, хуваалцаж, чадавхийг бэхжүүлдэг онцлогтой юм. Тус хөтөлбөр нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) болон Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD) зэрэг конвенцуудын хүрээнд хэрэгжиж байна. www.grocentre.is/lrt
Тус сургалтад Монгол Улсаас 2007 оноос хойш нийт 40 албан хаагч хамрагдсан нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн олон хүн хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 4 албан хаагч хамрагдаад байна.

Хөтөлбөрийн захирал Шөф Вилхелмсдоттир энэхүү хөтөлбөрийн үр өгөөж, нөлөөлөл нь эерэг үр дүнтэй байгааг хөндлөнгийн байгууллага үнэлсэн, тус хөтөлбөрийн төгсөгчид нь улс орныхоо төлөө үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж байгааг онцлон дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд тус агентлаг болон орон нутгийн харьяа байгууллагуудаас жил бүр албан хаагчдыг тус сургалтад хамруулах, Монгол Улсад зориулсан богино хугацааны онол, практикийг хослуулсан сургалтыг зохион байгуулахад хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тогтлоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү