МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 04 дүгээр захирамжаар "Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар ашиглалт бүртгэл, түүний хяналтын талаар болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан болно.
Ажлын хэсгийн хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тулгуурлан Улсын хэмжээнд 2003-2023 оны хооронд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудалд хяналт шалгалтын ажлыг хийсэн бөгөөд 21 аймгийн 41 сум, нийслэл, 9 дүүргийг сонгон авч газар олголттой холбоотой хяналт шалгалтын ажлыг газар дээр нь очиж гүйцэтгэлээ.
Тус ажлын хэсгийн хяналт шалгалтын нэгдсэн тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан 2024 оны 08 дугаар 19-ний өдөр ажлын хэсгийн хуралдаанд танилцуулав.
Ажлын хэсгийн хуралдааны шийдвэрийн дагуу хяналт шалгалтын нэгдсэн тайланг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.